“Eat Just”, “Upside Foods” компаниуд молекулын аргаар лабораторид үйлдвэрлэсэн тахианы мах худалдаална
“Eat Just” болон “Upside Foods” компаниуд молекулын аргаар лабораторид үйлдвэрлэсэн тахианы мах худалдаалах зөвшөөрлөө АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас авснаа зарлалаа.
Өнгөрсөн онд дэлхий даяар 150 гаруй компаниас гурван тэрбум орчим ам.долларын санхүүжилт босгосон хиймэл мах ба далайн хоолны салбарт энэ нь түүхэн үйл явдал болж байна. Дээрх хоёр компани энэ чиглэлд өмнөх шатны бүх зөвшөөрлүүдээ аваад байсан бөгөөд үүнд АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас лабораторид ургуулсан мах хүний эрүүл мэндэд аюулгүй болохыг баталсан дүгнэлт багтжээ.
Компаниуд аль хэдийн худалдаанд гаргах зориулалтаар үйлдвэрлэлээ эхлүүлээд байгаа аж. Тодруулбал: Вашингтон дахь “José Andrés” ресторан “Eat Just”-ийн бүтээгдэхүүний нээлтийг хийх бол Сан Францискогийн “Bar Crenn” рестораны цэсэд “Upside Foods”-ийн махаар хийсэн хоолыг анх удаа багтаахаар болжээ. Ингэснээр АНУ нь Сингапурын дараа энэхүү зөвшөөрлийг олгосон дэлхийн хоёр дахь улс болж байна.
“Eat Just” нь 2020 оноос хойш Сингапурт бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр худалдаалж байгаа тул хиймэл махыг олон нийтэд хүргэсэн дэлхийн цорын ганц компанид тооцогдож байна.
“Хүний сонголт, амьдралын хэв маягийг эрхэмлэдэг илүү тогтвортой ирээдүйн зүгт энэ нь маш том алхам боллоо” хэмээн “Upside Foods”-ийн Гүйцэтгэх захирал Ума Валети онцолжээ. Хэдий тийм боловч тус салбарт үйлдвэрлэлийн хэмжээ, тоног төхөөрөмж ба орцуудын олдоц, эдийн засгийн үр ашиггүй байдал зэрэг нь сорилт болж байна.
Түүнчлэн байгаль орчинд эерэг нөлөөтэй эсэх нь бүрэн нотлогдоогүй хэвээр бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хүртээмжтэй байдал энэ чиглэлд тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр байгаа аж.