Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр /2026.09.14/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзаж, шүүхийн үйл ажиллагааны цаашдын зорилт, анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр шүүхийн шүүн таслах ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй, хүртээмжтэй зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа онцлож хийж буй ажлуудаа танилцууллаа.
Тухайлбал, байгуулагдаад удаагүй байгаа Хялбар ажиллагааны шүүхийн хэргийн дийлэнх хувийг эзэлж, ачааллыг нь эрс нэмэгдүүлж буй аппликэйшний зээлийн асуудлыг Улсын Их Хурал болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өргөн хүрээнд авч үзэж байгаа аж. Шүүхийн ажилтнуудын ачааллыг бууруулахын тулд технологийн дэвшил ашиглан ажлын тодорхой хэсгийг автоматжуулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
Ерөнхий шүүгч Ц.Цогт дөрвөн үндсэн чиглэлд анхаарч ажиллахаа танилцууллаа.
Нэгдүгээрт, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь өөр өөрийн чиг үүрэг, бүрэн эрхтэй ч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх нийтлэг зорилготойг хэлэв.
Энэ хүрээнд шүүхийн хүний нөөц, шүүгчийн ажлын ачаалал, сул орон тоо, сонгон шалгаруулалт, шүүн таслах ажиллагааны цахимжилт, шүүхийн аюулгүй байдал, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зэрэг асуудлаар байгууллагуудын ажлыг уялдуулах шаардлагатай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, төрийн бусад эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай бүрэн эрхийнхээ хүрээнд зохистой харилцаж, хууль хэрэглээний явцад гарч буй хүндрэл, хийдлийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэслэл болгон ажиллах шаардлагатайг дурдав.
Түүний хэлснээр Улсын Дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхийн эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Дээд шүүхийн саналыг бодитоор тусгах нь чухал байна.
Гуравдугаарт, шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулахын тулд шүүхийн шатлал хоорондын ажлын уялдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй нийтлэг асуудлыг тодорхойлон шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв.
Мөн шүүх хуралдаан хойшилж буй бодит шалтгаан, шүүхийн ачааллыг бууруулах боломжийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээллээ.
Дөрөвдүгээрт, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэв.
Тэрбээр шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн харилцааг нэгдсэн зарчим, тодорхой стандарт бүхий хариуцлагатай тогтолцоонд оруулах бодит хэрэгцээ бий болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд шүүх хуралдааныг олон нийтэд хүргэх “Шүүхийн суваг”, мөн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд шуурхай хүргэх, шүүх болон сэтгүүлчдийг холбох “CaseLine” цахим талбарыг бий болгож, туршилтын ажлыг эхлүүлсэн байна.
Холбогдох дүрэм, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран боловсруулж байгаа аж.
Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт болон шүүхийн практикийг боловсронгуй болгох шаардлагатайг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч онцоллоо.
Уулзалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч оролцож, сонирхсон асуултаа тавин санал солилцов.
Цаашид шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулж, олон нийтийг шүүхийн үйл ажиллагааны талаарх үнэн зөв, шуурхай мэдээллээр хангахын тулд шүүхүүдийн Ерөнхий шүүгчдийг энэ ажилд татан оролцуулах бөгөөд өөрийн зүгээс манлайлж ажиллахаа Ц.Цогт Ерөнхий шүүгч илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол улсын дээд шүүх













































































