Ирэх сард БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн Олимпын наадамд БНАСАУ-ын баг тамирчид оролцоно хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь анхны дээд түвшний уулзалтаа хоёр Солонгос өнөө өглөөний 10:00 цагт хоёр улсын хилд орших Панмүнжомын цэрэггүй бүсэд хийж эхэлсэн билээ. Уг уулзалтын үеэр Умард Солонгосын албаны хүмүүс төлөөлөгчдөө Пёнчан руу илгээхээр тохиролцсон байна. Энэ үеэр Олимпын наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчдыг хамт алхахыг Өмнөд Солонгосын тал мөн уриалжээ. Түүнчлэн Солонгосын дайны улмаас хилээр тусгаарлагдан салсан хүмүүсийг Пёнчаны Олимпийн үеэр уулзуулах саналыг мөн Өмнөд Солонгос Умард Солонгост тавиад байгаа аж. Энэ асуудал нь тус хоёр улсын хувьд \”хамгийн эмзэг” асуудлуудын нэг бөгөөд тусгаарлагдсан хүмүүсийг уулзуулах саналыг Өмнөд Солонгосын тал Умард Солонгост байнга тавьсаар ирсэн юм. Харин энэ удаагийн саналыг Умард Солонгос хүлээж авах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө 2006 оны өвлийн наадамд оролцохдоо БНСУ, БНАСАУ-ын тамирчид нэг далбаан дор алхсан юм.
Ж.Батдорж