\”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм.
Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө \”Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа” гэсэн тайлбарыг хийжээ.
Гэхдээ энэ хэргийн ард бусдыг рекетлэж дарамталсан, нэр хүндийг нь унагасан, сэтгэл санааны хүнд цохилтод оруулсан эрүүгийн хэрэг нуугдаж байгаа гэнэ. Учир нь Абдул Каримыг \”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авахаар үнийн санал өгч, дуудлага худалдаанд ялалт байгуулсны дараа түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр \”Шонхрын наймаачин, төрийн ордны дэргэд арабууд байрлах гэж байна” гэсэн утгатай мэдээллийг зохион байгуулалттайгаар тараажээ. Үүнийхээ дараа Абдул Карим дээр манай нэртэй бөхчүүд очин элдвээр дарамталж, \”дуудлага худалдаанаас татгалзахгүй бол амь нас, гэр бүлд чинь ч аюултай” гэх мэтээр айдган сүрдүүлсэн тухай мэдээллийг Абдул Каримыг ойрын эх сурвалж бидэнд өгсөн юм.
Абдул Каримын хувьд 1959 онд төрсөн, 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль ёсны дагуу Монгол Улсын иргэн болсон. Эхнэр Балжиннямтайгаа 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 1998 онд \”Угалз Импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, Монгол гэр зэргийг Англи, Шинэ-Зеланд, Кувейт, Катар, Саудын араб зэрэг орнуудад экспортонд гаргаж Монгол Улсын сурталчилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг нэгэн. Гэвч хотын төвд байрлалтай энэ газарт шунагсад түүнийг бөхчүүдээр дарамтуулсан бөгөөд Абдул Карим шоконд орж эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Түүнийг дарамтуулж, аргагүйн эрхэнд хувьчлалаас татгалзах шийдвэр гаргуулахын тулд нэр бүхий бизнесмен бөхчүүд явуулж айлган сүрдүүлсэн гэдэг мэдээлэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлд хүртэл очсон гэнэ.
Тиймээс тэрээр Абдул Каримд яаран ил захидал илгээж, \”…Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна” гэдэг мэдэгдэл хийгээд байна.
Абдул Карим энэхүү хувьчлалаас татгалзснаар Таван богдын босс, Монголын тэргүүн баячуудын нэг Ц. Баатарсайхан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг авахаар болж байгаа юм. Хаан банк, Говь, \”Улаанбаатар гурил” ХХК, \”Жуулчин” ХХК зэрэг том том компанийг хувьчилж авсан Ц.Баатарсайханыг Абдул Каримыг айлган сүрдүүлсэн бөхчүүдийн ард нуугдаж байж магадгүй гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна.
Shudarga.mn