Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн технологич инженер, цаг уурч Ж.Сарантуяагаас ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа.
-Энэ сарын сүүлээр огцом хүйтэрнэ гэсэн. Танайхаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр ямар байхаар байна?
-Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтэрнэ.
Идэр, Тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42 /хэм хүрнэ. Харин өдөр -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Сарын сүүлээр цасаар шуурна гэлээ. Өнгөрсөн сард цас хэр их орсон бэ. Цасны нягтаршил хэр байгаа бол?
-Өнгөрсөн хоногуудад хэвийн хэмжээнээс илүү хүйтэрч зарим нутгаар цас орж, цасны нягтралыг ихэсгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.
Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Ховдын нутгаар 30 см зузаан цас орсон. Харин Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увс аймгийн Наранбулаг, Зүүнговь, Улаангом, Архангай аймгийн Тариат суманд 20-40 см зузаан цас тогтсон байгаа.
Тэгэхээр энэ цасан дээр дахиад цас нэмж орохоор цасны нягтаршил улам ихэснэ гэсэн үг. Иргэд 21-25-нд онц шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу явах хэрэггүй. Мөн малчид малаа хол бэлчээхгүй байж, тухайн орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүс цаг агаарын мэдээг сонин хэвлэл, телевиз, радиогоос авч зохих арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй.
Энэ өдрүүдэд цасан шуурга шуурснаас болж даваа, гүвээ хаагдаж, зам тээвэрт онцгой хүндрэл үүсч болзошгүй юм. Тиймээс нийт тээвэрчид, ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, холын замд явахгүй байхыг анхааруулж байна.
-Энэ жил өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэр хүйтэрч байна вэ. Хүмүүс мичин жил зуд болдог гээд айдастай байх шиг байна?
-Өмнөх мичин жилүүдэд тийм ч таатай байгаагүй. Ялангуяа 1944, 1952, 1964 оны мичин жилд хүйтэрч, тодорхой бүс нутгуудад малын хорогдол гарч байсан. Гэхдээ ганцхан мичин жилд зуд болоод бусад жилд зуд болдоггүй гэсэн ойлголтоосоо хүмүүс салах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ган гачиг, зуд турханы давтамж ихсэх хандлагатай болсон. Зөвхөн мичин жилд зуд тохиодоггүй бусад жилд ч гэсэн зуд болж байсан.
Ер нь нэгдүгээр cap гараад цаг агаарын байдал хүйтэрсэн. Цасан шуурга шуурч, цасны нягтрал ихэссэн. Хараахан мичин жил гараагүй байгаа учраас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гараагүй байна. Тиймээс мэдэгдэх боломжгүй.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар