УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн санаачилсан \”21:100” үйлдвэржилтийн бодлогоо өнөөдөр танилцууллаа.
\”21:100” үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэсэн учир нь 2021 оноос өмнө 21 аймагт хөнгөн үйлдвэрийн парк хоттой болно гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 100 гэдэг тооны учир нь 2021 онд Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой болно. Энэ ойгоос өмнө импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэн утгатай юм байна.
Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 88 хувийг импортоор 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 12 хувьд нь мах, төмс, гурилын хэрэгцээ багтдаг. Гэтэл Монгол Улс нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг атал 2014 онд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. 2015 онд 468 сая ам.доллараар таван төрлийн бүтээгдэхүүн импортоор авсан байна. Мал амьтны гаралтай өөх тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийг авсан байгаа юм. Хэрэв энэ 500 орчим сая ам.долларыг бид гадагш гаргаж байхаар дотооддоо шингээсэн бол долларын ханш өсөхгүй байх, валютын нөөц нэмэгдэх боломжтой байсан учраас боловсруулжээ.
Уг бодлогыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын бичиг баримтаа баталсан. Энэхүү үзэл баримтлалтай уялдуулан 2021 он хүртэл 21 аймагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк байгуулах аж. Үүнд мах, сүү, ноос ноолуур, арьс, шир хагас болон эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах. Мөн газар тариалан, барилгын материал, оёмол бүтээгдэхүүн гэх мэт таван чиглэлээр аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм байна.
Зардлын тооцооны хувьд 21 аймагт таван чиглэлээр томоохон парк байгуулахад 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 1,6 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүний хажууд 500 тэрбум төгрөг бол боломжын тоо гэж С.Бямбацогт гишүүн хэллээ.