Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд 2018 оны нэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Д.Х нь иргэн С.Алунгуагийн гээсэн I phone 7 plus маркийн гар утсыг олжээ. Тэрээр тухайн утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 1 сая 251 мянган төгрөгийн хохирол учруулсан, улмаар Д.Х нь өөрийн төрсөн эгч Д.Х-ийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан I phone 7 plus маркийн гар утсыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, өөрчлөн бусдад шилжүүлж 1 сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байна.
Тиймээас Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, уг хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450 мянган төгрөгөөр торгох, Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.