Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо \”Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.
Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих гэнэ.
Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотдоо сурч боловсорч, ажиллаж, амьдарч буй Ховд нутгаар овоглосон хэн бүхэн үндэсний дээл хувцсаараа гоёж ирэн, төрөлх сумынхаа гэрээр зочилж, нутгийн олонтойгоо уулзан учрах боломж тохиох нь.
Маргаашаас эхлээд \”Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, \”Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээ болох юм байна.
Г.Одонтуяа