“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт эхэлсэн. Долоон цаг орчим үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүгчид шийдвэрээ танилцуулав.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон гэдгийг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар хэллээ.
ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:
Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар
2018.11.23
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 10.1-2.7, 10.1-2.11, 11.6-2, 12.1-4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.