Эзэн
Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай Сэцэн хааны мэндэлсний
800 жилийн ойг Монгол орон даяар ёслон тэмдэглэж байна.
Ойн хүрээнд Их хааны
амьдрал, хүн төрөлхтний болон Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, төрийн их
үйл хэргийн талаар залуус, хүүхэд багачуудад таниулах олон ажил хийж буйн нэг
нь \”Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний
музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
С.Баярцогт, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Монголын Үндэсний музейн захирал
Д.Сүхбаатар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга
Д.Гантөмөр нар оролцож, тууз хайчлав.
Тус үзэсгэлэнг нээж
БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, \”Хубилай хаан Монгол болон дэлхийн түүхэнд
өвөг эцгээсээ илүү биш юм гэхэд дутуугүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн
зүтгэлтэн, Чингис хааны үндэслэсэн эзэнт гүрнийг өргөжүүлэн тэлж, хөгжлийн
оргилд нь гаргасан гавьяатай хүн. Чухамхүү Хубилайн хаанчлалын жилүүдэд дэлхийн
тэн хагас Монголын эзэнт гүрний захиргаанд багтаж, \”Пакс Монголика” буюу
\”Монголын энх” хэмээх энх амгалангийн эрин үе нээгдсэн билээ. Ойн хүрээнд
зохион байгуулах олон улсын эрдэм шинжилгээний хурал, Хубилайн талаар бичсэн
бүтээлүүдийн цуврал 10 боть, \”Хубилай хаан түүний залгамжлагчид” цомог зэрэг нь
цаашид Хубилай хаан, Монголын эзэнт гүрэн, Их Юань улсын түүх, соёлыг дэлхий
дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Хубилай Сэцэн
хааны төрт ёсны болон соёлын арга хэмжээнд хэрэглэж байсан ятга хөгжмийг
сэргээн засварласныг БСШУЯ-наас СУИС-ийн удирдлагад гардуулан өгөв. Ийнхүү 800
орчим жилийн тэртээ эгшиглэж байсан ятга хөгжмийг олны хүртээл болголоо.
Хубилай Сэцэн хаан IV
жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн бичин сарын 15-ны хөхөгчин туулай өдөр
Хэрлэнгийн ордноо Тулуйн их хатан Сорхугтани бэхээс мэндэлжээ. Хубилай хаан бол
эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд
тодоор бичигдсэн хаан юм.
Эл үзэсгэлэнд Хубилай
сэцэн хааны өвийг Юань улсын үеэс эдүгээ хүртэл уламжлан ирсэн түүх, археологи,
соёлын өв, олдворуудаас 300 орчим хосгүй ховор үзмэрийг дээжлэн үзэгчдэд
толилуулж байна.
Үзээсгэлэнд Монголын
археологичдийн сүүлийн жилүүдэд Монгол нутгаас малтан судалсан дундад зууны
булш бунхан, хадны оршуулгаас Юань улсын үед холбогдох гайхамшигт дурсгалуудыг
анх удаа дэлгэжээ. Тухайлбал, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн
А.Энхтөр, Ц.Төрбат, Д.Батсүх болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн
Антропологи, археологийн тэнхимийн багш археологич У.Эрдэнэбат, Монголын
Үндэсний музейн археологич Ц.Одбаатар, Г.Бүрэнтөгс зэрэг судлаачийн Сүхбаатар
аймгийн Уулбаян сумын Цахиурт овооны монгол булш, Булган аймгийн Хутаг Өндөр
сумын Зүүн бэлийн монгол булш, Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн
монгол булшны олдвор зэрэг судалгааны эргэлтэд ороогүй шинэ дурсгалуудыг нийтэд
танилцуулав. Мөн \”Хубилай хаан ан хийж буй нь” зураг, тухайн үед холбогдох
хувцас, эдлэл хэрэгслүүдийг тавьжээ.
Үзэсгэлэнгийн ерөнхий
зохион байгуулагчаар Монгол Улсын БСШУЯ, зохион байгуулагчаар Монголын Үндэсний
музей, хамтран зохион байгуулагчаар БСШУЯ-ны \”Палеонтологи, археологийн музейн
шинэчлэл” төслийн нэгж, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх
ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхим, Үндэсний номын сан, Төрийн
түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран
зургийн галерей, Монгол цэргийн музей тус тус хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн ирэх сарын
20-ны өдөр хүртэл үзэгчдийн хүртээл болно.
Ж.Болор