Монгол Улс эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахын тулд бага хугацаатай
зээл буюу \”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах шаардлагатай гэдгийг эдийн засагчид
хэлж байна. Гэвч гаднаас зээл авахын оронд томоохон төсөл хөтөлбөрүүдээ
хөдөлгөж, түүнээсээ ашиг, орлого олж, хүндрэл бэрхшээлийг даван туулах боломж
бий гэдэг өөр нэг гарц байна.
Тавантолгойн төсөл, Оюутолгой далд уурхайн төсөл гээд Монгол руу чиглэх
хөрөнгө оруулалтын урсгалыг татах замууд байгаа. Үүнийг ч Засгийн газрын
түвшинд ярьж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат \”Рио Тинто” группийн зэс,
алмаазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй зочид төлөөлөгчдийг
хүлээн авч үүлзсан байна. Уулзалтын сэдэв мэдээж \”Оюутолгойн далд уурхай”.
Ерөнхий сайдын зүгээс \”Оюутолгойн төсөл дээр манай Засгийн газар Рио Тинто
групптэй хамтарч ажиллах Монгол төрийн бодлогыг тогтвортой үргэлжлүүлнэ. Та
бүхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хурдтайгаа хийж гүйцэтгэх,
урагшуулах хэрэгтэй байна. Оюутолгой компани Монголд зөвхөн татвар төлдөг
байгаасай гэж хүсэхгүй байна. Худалдан авалт, ханган нийлүүлэлт, ажилчид гээд
олон асуудлыг Монгол Улсаас хангаж ажиллахыг анхаарах хэрэгтэй” гэдгийг дурдсан
юм.
Харин Арнауд Соиратын зүгээс маш таатай хариултыг өгсөн юм. Тэрээр \”Рио
Тинтогийн хэрэгжүүлж буй гурван том төслийн нэг нь Оюутолгойн далд уурхайн
төсөл. Өнөөдөр 1400 гаруй Монгол ажилтан энэ төсөлд ажиллаж байна. Энэ тоо
цаашид ч нэмэгдэх болно. Мөн бидний зүгээс дотоодын худалдан авалтыг 80 хувьд
хүргэлээ. Үүнээс гадна бидний зүгээс Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын
таатай орчин бүрдсэн гэдгийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах ажилд туслахад
манай баг хичээн зүтгэх болно. Ирэх 10 дугаар сард компанийн удирдлагууд Монгол
Улсад айлчилна. Энэ айлчлал гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, Монгол
Улсад төвлөрүүлэх таатай боломж, сайн сурталчилгаа гэж үзэж байгаа” гэв.
Арнауд Соират өнгөрөгч долдугаар сард ажлаа авч Монгол Улсад хоёр дахь
удаагаа ирж байгаа нь энэ юм. Удахгүй Рио Тинто группийн удирдлагууд Монгол
Улсад айлчлал хийх нь. Энэ нь тус группийн зүгээс Оюутолгойн далд уурхайн
төсөлд ямар их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж ойлгогдож байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд \”Гэрээнд заасны дагуу Оюутолгой компани
эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой. Мөн дотоодын худалдан авалтаа
100 хувьд хүргэх хэрэгтэй. Бидний зүгээс та бүгдэд шаардлагатай байгаа бараа
бүтээгдэхүүнийг хангах нийлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг
дуулгалаа. Өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн төсөл хөдөлгөөнд орвол Монгол Улсын
сан хөмрөг рүү валют урсах нь гэж ойлгож болохоор байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг