ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ.
Тэрээр мэдэгдэлдээ “ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай найз нөхөд, түүнчлэн Орост стратегийн ялагдал авчрах боломжийн талаар хуурамч мэдээлэл хийсээр байгаа хүмүүст хандан мэдэгдэл хийж байна.
Америк, Британийн алсын тусгалын зэвсэг хэрэглэсний хариуд энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нэг объектод нэгдсэн цохилт өглөө.
Оросын хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын пуужингийн системүүдийн нэгийг буюу цөмийн бус хэт авианы төхөөрөмжөөр тоноглогдсон баллистик пуужингаар турших хэлбэрээр цохилт өгсөн.
Манай пуужингийн эрдэмтэд үүнийг “Орешник” гэж нэрлэсэн. Туршилт амжилттай боллоо.
Украины нутаг дэвсгэр дээр ЗХУ-ын үеэс хойшхи хамгийн том, алдартай аж үйлдвэрийн цогцолборуудын нэг болох Днепропетровск хотод өнөөг хүртэл пуужингийн технологи болон бусад зэвсгийг үйлдвэрлэдэг.
Европ, Ази Номхон далайн бүс нутагт дунд болон богино зайн тусгалтай пуужингуудыг үйлдвэрлэн байршуулах АНУ-ын төлөвлөгөөний хариуд бид дунд болон богино зайн тусгалтай пуужинг бүтээж байна.
ОХУ биш, харин АНУ олон улсын аюулгүй байдлын тогтолцоог сүйрүүлж, ноёрхогч санаархалтайгаа зууралдан тэмцсээр, дэлхий нийтийг дэлхийн мөргөлдөөн рүү түлхэж байгааг дахин онцлон хэлмээр байна.Бид бүхий л асуудлыг үргэлж энхийн замаар шийдэхийг эрмэлзэж ирсэн, одоо ч хэвээрээ. Гэхдээ бид үйл явдлын ямар ч өрнөл, эргэлтэд бэлэн байгаа. Үүнд хэн нэг нь эргэлзэж байгаа бол дэмий хэрэг. Бид үргэлж хариу барих болно” гэсэн байна.