Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлаар “Одоогийн байдлаар 1200 автобус үйлчилгээнд гардаг. Цаашид өдөрт 2000 автобус гаргаж болно” гэж өнгөрсөн есдүгээр сард амлалт өгсөн удаатай.
Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1122 автобус нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд гарч байна.
Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд автобусны тоог 2000 болгож нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад“Цаашид өдөрт үйлчилгээнд гарч буй автобусны тоог 2000-д хүргэнэ гэж ярьснаас биш бид парк шинэчлэлтийн хүрээнд төлөвлөгөөт 700 орчим автобус худалдан авсан” гэж байв.
Тэгвэл хэзээнээс автобусны тоог 2000 болгож нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар лавлахад тодорхой хугацаа байхгүй юм байна. Энэ тухай “Нийтийн тээврийн санд төвлөрсөн орлогоор парк шинэчлэлтийг сайжруулах боломжтой” гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.
Нийслэлийнхний хувьд өвлийн хүйтэнд утаа, түгжрэлээс гадна нийтийн тээвэр тэвчээр, уур бухимдал барсан хэвээрээ. Учир нь хэзээ ч цагтаа ирдэггүй гэх шүүмжлэл тасрахгүй, иргэд нь өглөө, оройд зам дээр хүлээж явгардаг дүр зураг өнөө жил ч давтагдаж буй.
Энэ асуудлаар НЗДТГ-аас “Нийтийн тээвэр хүртээмжгүй гэхээс илүүтэй түгжрэлтэй холбоотой хүлээгдэл үүсдэг нь маш олон судалгаа харуулж байгаа. Өглөө, орой буюу оргил ачааллын цагаар автобуснууд уулзвар нэвтрэхгүй хүлээгдэл үүсдэг. Тиймээс автобусны тооноос дутаж буй асуудал биш” гэсэн юм.
Нийтийн тээврийн автбоус өдөрт дунджаар 500 гаруй мянган иргэнд үйлчилдэг байна. Хэдий өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 109 автобусыг нэмэлтээр гаргаснаар 1100 автобус, зарим оргил ачааллын үед 1200 автобус үйлчилгээнд гарч байгаа аж.