Монголбанкны өнөөдрийн (2024.11.13) албан ханшаар нэг ам.доллар 3410 төгрөгтэй тэнцэж байна.
Харин банкууд 3426-3428 төгрөгөөр, валют арилжааны цэгүүдэд 3432-3443 төгрөгөөр худалдаж байна.
Төгрөгийн ам.долларын эсрэг ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй суларч буй талаар Төвбанкнаас тодруулахад “Иргэдийн дунд буруу ойлголт мэдээлэл түгээмэл байдаг. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа Монголбанк ханшийн хяналтаа сулруулж, улмаар ам.долларын үнэ өслөө” гэж боддог. Тийм биш. Орон нутгийн сонгуулийн дараa иргэд, ААН-үүд ам.доллар худалдан авах нь нэмэгдсэн. Тэгээд л үнэ өссөн. Гэхдээ энэ өсөлт түр зуурын шинжтэй” гэв.
Монголбанк хөвөгч ханшны бодлогыг баримталдаг. Энэ нь ханшийн үнэ эрэлт нийлүүлэлтийн дагуу хэлбэлзэж, өөрчлөгдөж болно, гагцхүү огцом өсөлт эсвэл уналт бий болсон тохиолдолд л Төв банк ханшид нөлөөлнө гэсэн бодлого юм.