Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд: Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх, Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх, Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах, Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох, Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.
Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа.