Олон нийтийн цахим сүлжээгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан тул улсын эмнэлгээс авах дараах үйлчилгээнүүдийг төлбөртэй болгожээ гэсэн мэдээлэл түгээд байна.
-
Амбулаторийн цогц тусламж үйлчилгээ
-
Өдрийн эмчилгээ
-
Сэргээн засах өдрийн эмчилгээ
-
Архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээ хамаарна гэжээ.
Мөн АШУҮИС-ийн лого бүхий дээрх агуулгатай мэдэгдэл хүртэл гараад байв.
Дээрх мэдээллийг тодруулахаар ЭМЯ, ЭМДЕГ-тай холбогдоход “Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдэгдэл хийнэ” гэхээс өөр хариу хэлээгүй. Харин АШУҮИС-аас хариу өгөөгүй байна.
Эл асуудлыг тодруулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Бүх эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сантай. Энэ сан хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас хүчин чадалдаа тулгуурлаж, бүх эмнэлгүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг нь хийсэн.
Ялангуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Улсын нэг болон гуравдугаар эмнэлэг, ГССҮТ зэрэг томоохон эмнэлгүүд дээр гэрээний хэтрэлтүүд үүсээд байна.
Тиймээс, нэн яаралтай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй.
Рашаан, сувиллын эмчилгээ буюу архаг хууч өвчлөлийн оношоор хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн” хэмээн мэдээллээ.