Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэтэл саяхан вакцин хийлгэснийхээ дараа есөн хүн нас барсан явдал иргэдийн санааг зовоож эхэлжээ.
Өчигдөр тус улсын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төв хэвлэлийн хурал зохион байгуулж, дээрх есөн тохиолдлыг нарийвчлан шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Гэхдээ хүмүүс нас барсан нь томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн тул вакцинжуулалтын аяныг зогсоолгүй үргэлжлүүлэхээр болсныг мэдэгджээ.
Есөн тохиолдлын хоёр нь “anaphylaxis shock” гэгддэг, дархлаа тогтсоны дараа үүсдэг харшлын реакц байж болзошгүйг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Одоогоор нас барсан хүмүүсийн шарилд задлан шинжилгээ хийж байгаа ажээ.
Өмнөд Солонгосын засгийн газрын хэрэгжүүлж буй вакцинжуулалтын аянд өчигдрийн байдлаар 8.36 сая хүн хамрагдсан байна.
Хамгийн сүүлд Жэжү арлын оршин суугч, 68 настай эрэгтэй, Дэгү хотын оршин суугч, 78 настай эрэгтэй томуугийн вакцин хийлгэсний дараа нас баржээ. Эдгээр хүмүүс нь архаг хууч өвчтэй хүмүүс байсныг анагаах ухааны мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Хамгийн анх өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Инчон хотод 17 настай хүү томуугийн вакцин хийлгэснээсээ хойш хоёр өдрийн дараа нас барсан юм.
“Саяхан тохиолдсон эмгэнэлт явдлуудтай холбоотойгоор иргэд, олон нийт томуугийн вакцины үзүүлж болзошгүй сөрөг нөлөөнд санаа зовж буйг бид ойлгож байна. Гэхдээ эхлээд бид хүн нас барсан тохиолдлуудын жинхэнэ шалтгааныг олж тогтоох хэрэгтэй” гэж Өмнөд Солонгосын эрүүл мэндийн дэд сайд Ким Ганлип өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Нас барсан иргэд Korea Vaccine, Boryung Biopharma, LG Chem, SK Bioscience компаниудын үйлдвэрлэсэн вакциныг хийлгэжээ.
Эмч мэргэжилтнүүд эдгээр компаниудын вакциныг хийлгэсэн иргэдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарлаа хандуулж, хяналтдаа аваад байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгост томуугийн вакцины улмаас нас барсан ганцхан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Тухайлбал 2009 онд “Miller Fisher syndrome” хэмээх мэдрэлийн ховор өвчтэй, 65 настай эмэгтэй вакцин хийлгэснээсээ хойш нэг жилийн дараа нас барж байжээ.
“Ямар ч эм, вакцин 100 хувь аюулгүй байдаггүй. Гэхдээ томуугийн вакциныг бид 1945 оноос хойш 70 гаруй жилийн турш хэрэглэж байгааг санах хэрэгтэй. Хэрвээ ингэж олон хүн нас барахад хүргэдэг байсан бол бид ийм вакциныг хэрэглэхгүй байх байсан” гэж Өмнөд Солонгосын Хорт Хавдрын Үндэсний Төвийн халдварт өвчин судлалын профессор Ки Мо Ран ярьжээ.
Эх сурвалж: Yonhap News