УИХ-д суудалтай намууд болон өмнө эрх барьж байсан намын дарга, төлөөллүүд сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар СЕХ-д хоёр шаардлага хүргүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улстөрд суудалтай намуудын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шааодлага хүргүүлж байгаа. Агуулга нь хоёр зүйлтэй. Монголын түүхэнд онц бөгөөд чухал солнгууль болох гэж байна. Сүүлийн 30 жил болж байгаагүй түүхэн сонгууль болно. 126 гишүүнийг хоёр байдлаар сонгоно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монголд солонгорсон парламент бий болно, үр дүнд нь нэг нам хязгааргүй эрхтэйгээр эрх барьдаг биш маш олон сөрөг хүчнүүд бий болно гэсэн хүлээлттэй байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Тухайлбал, зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураах үед саналын хуудасны асуудал гарч ирж байгаа юм. Саналын хуудас нь хоёр тусдаа хуудас байх ёстой юм гэдэг үндэслэлийг бид гаргаж ирлээ.
Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нарын нэр нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг нь дахин тусдаа хуудаст нэрсийг нь бичих ёстой гэж үзэж байна. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд нэг хуудас дээр аль алиныг нь тэмдэглэсэн бол жагсаалт маань хүчингүй болох гээд байгаа юм.
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна” гэлээ.