Цанын бааз, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүр, ТҮЦ-үүдийг нээх талаар мэдээлж байна.
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан бямба гарагт болсон.
Энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн байна. Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн энэ долоо хоногт нээхээр боллоо.
Үүнд: Цахилгаан бараа, Тавилга Гар утасны төвлөрсөн худалдаа, Түргэн үйлчилгээний цэг, Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.
Эдгээр байгууллага үйлчлүүлэгчдээрээ заавал QR код уншуулах шаардлагатай. Хүн хоорондын зайг ягштал баримтлах ёстой. Амны хаалттай иргэнд л үйлчилнэ. Гар ариутгагчаар хангасан байх ёстой гэв. Эдгээрийн хэрэгжилтэд МХЕГ хяналт шалгалт хийх юм байна. Ер нь үйлчилгээний байгууллагууд эдгээр шаардлагыг биелүүлэхгүй байна гэв.
МХЕГ Баянзүрх дүүргийн томоохон зах худалдааны төвүүдэд хийхэд хангалтгүй байжээ. QR кодоо хэвлэн хананд байрлуулсан ч иргэдээр уншуулахгүй байна. Цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байна гэв.
Иймд эхлээд торгох, цаашлаад үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэв. Уичр нь МХЕГ өнгөрсөн хугацаанд хангалттай олон удаа зөвлөмж өгсөн гэдгийг онцоллоо.