БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хег эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хэдэн өдөр Өмнө Солонгост ид хүчээ авч байна. 40 жил нөхөрлөсөн найзаараа хэлэх үгээ хянуулснаас болж Өмнөд Солонгосын төрийн тэргүүний улс төрийн амбиц сүйрлийн ирмэгт иржээ.
Германд оршин суудаг Чой Сун Шил гэгч эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хетэй найз нөхдийн холбоог ашиглаж олон сая доллар завшиж, төрийн хэрэгт оролцдог гэх хэрэг БНСУ-д төдийгүй олон улсад дуулиан тарьж байна. Дуулианаас болж Пак Гын Хе Ерөнхийлөгчийн рейтинг 20 хувиас доош унажээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцэх, огцруулах жагсаал улам л өргөжсөөр байна. Иргэд Ерөнхийлөгч Пак Гын Хэг цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Чой Сун Шил эх орондоо ирж цагдаагийнханд байцаалт өгч эхэлсэн. Түүнийг оргон зайлж магадгүй хэмээн цагдаан хорихоор болжээ.
Түүнийг Ерөнхийлөгчөөр дамжуулан БНСУ-ын томоохон компаниудад дарамт үзүүлж, өөрийн нэр дээр MIR, K-Sports сангууд руу их хэмжээний хандив цуглуулсан байж болзошгүй хэрэгт буруутгажээ. Харин Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хег өөрийн найзаа төрийн хэрэгт оролцох боломж олгосон, төрийн нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан, өөрийн илтгэлийн үгээ туслахаараа биш найз бүсгүйгээрээ бичүүлж, улмаар улс орны эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөө үзүүлэх боломж олгосонд буруутгаж байна.
Дуулианы өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тэргүүний дахин улиран сонгогдох эрхийг нээх санал гаргасан билээ. Үүний дараа Пак Гын Хегийн найз эмэгтэйн хэрэг гэх дуулиан гарсан. Уг дуулиан нь Хөх ордны тэргүүний суудлын төлөөх сонгуулийн сунгаа эхэлсэн үетэй давхцсан нь бас хардлага төрүүлээд буй. Пак Гын Хе Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, туслахуудаа сольжээ. Ямар ч байсан энэ удаагийн дуулианы дараа Пак Гын Хе Ерөнхийлөгчийн суудал ганаж эхэлсэн бололтой.
М.Хүслэн
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин