УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2016.11.11/ Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих \”Ростек” улсын корпорацийн \”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон \”Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлаар телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Жавхлан \”Хэвлэлийнхэн та бүхэнд хандах болсон шалтгаан нь \”Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар иргэд, олон нийтийн дунд үл ойлгогдох мэдээлэл тархсан, мэдээллийн төөрөгдөлд орсон нөхцөл байдал үүссэнтэй холбоотой. Миний бие МҮОНРТ-ийн \”Монголын мэдээ” сувгийн захиралд \”Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар бүх талуудыг оролцуулж нээлттэй хэлэлцүүлэг хийнэ үү гэсэн хүсэлт албан бичгээр явуулсан. Тэр хүн миний бичгийн хариуг ирүүлсэн. Хариунд, \”Холбогдох хүмүүсийг нэвтрүүлэгт оролцуулах гэсэн боловч ирээгүй. Ирвэл хүлээн авч нээлттэй хэлэлцүүлэг хийхэд бэлэн” гэсэн байсан. Ингээд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр өдөр, цагаа тохироод явж байтал МҮОНРТ-ийн захирал тухайн хүнийг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ажлаас нь халсан байна. Нээлттэй хэлэлцүүлэг явуулахад яагаад ийм саад тотгор тавьж байна вэ. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д шалгалтаар очиж байгаа Ажлын хэсэгт орж ажиллах албан бичиг хүргүүллээ.
Мөн МҮОНРТ-ийн захиралд 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт \”Монголын мэдээ” сувгаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах цаг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ өглөө.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцоно уу гэж зайлшгүй үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, \”Эрдэнэт” үйлдвэрийн захирал, үйлдвэрийн 49 хувийг авсан гэх хүмүүст урилга хүргүүллээ. Өмнөх Засгийн газрын тэргүүн, гишүүд зэрэг хүмүүсийг санаачилгаараа ирэх болов уу гэж бодож байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт эдгээр хүмүүстэй болзоо тогтоож байна. УИХ-ын гишүүн, ард түмний төлөөллийн хувьд ийм санаачилга гаргаж, үүнийгээ ажил хэрэг болгохоор явж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хийсэн мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.