МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Дархан-уул аймагт энэ сарын 21, 22-ны өдөр ажиллаж байна. Тэд \”Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр” уулзалт хийх, шинэчлэн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралд оролцож зөвлөгөө чиглэл, мэдээлэл өгөх үндсэн хоёр зорилготойгоор ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 11-р сарын 21-ны өдөр Дархан-уул аймгийн удирдлагуудын хамтаар Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл, аймгийн ҮЭХороодын дарга нар, ажил олгогчид, захирлуудтай уулзалт хийн эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багатай давах талаар санал солилцсон юм.
Аймгуудын хувьд нийгмийн түншлэлийн асуудал харилцан адилгүй байдаг бөгөөд Дархан -уул аймаг нийгмийн түншлэлийн хөгжлөөрөө тэргүүлдэг гэдгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцлов.
Өнөөдрийн байдлаар Дархан-уул аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 2250 ААНБ байдаг бол ХХҮГ-ын судалгаагаар ажил идэвхтэй хайгч 2038 иргэн байдаг байна. Иймд дээрх байгууллагууд тус бүр нэг иргэнийг ажилд авбал аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хайгч иргэд бүгд ажлын байртай болно.
Үүнийг ажил хэрэг болгохын тулд эн тэргүүнд аймгийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аймгийн салбар хороо, зөвлөлүүдийг Засаг даргын захирамжаар 11 дүгээр сарын эхээр шинэчлэн байгуулсан. Тодруулбал, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийн салбар зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо, Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо зэрэг дөрвөн салбар зөвлөл, хороог шинэчлэн байгуулжээ.
Эдгээр хороодыг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч ахалж ажиллана. Мөн зөвлөл, хороодыг шинэчлэн байгуулахдаа аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Төрийн байгууллагын төлөөллийн оролцоотойгоор харилцан зөвшилцөж, тэгш оролцоотойгоор байгуулсан тухай холбогдох албаныхан мэдээллэв. Энэ хүрээнд 11-р сарын 21-ны өдөр гурван тал \”Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Дээрх албаныхан өнөөдөр шинэчлэн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралд оролцож, зөвлөгөө чиглэл, мэдээллийг өгч ажиллана.
darkhan.gov.mn