Төрөлхийн зүрхний гажигтай охиндоо Солонгост мэс засал хийлгэхээр сүүлийн хоёр жил хөөцөлдөж байгаа найз бүсгүй маань хэрэг болгон намайг зорьж ирлээ. Өвчин зовлон, айдас түгшүүр, байхгүйн гачланд нэрвэгдсэн хөөрхий бүсгүй өнгөрсөн хугацаанд Солонгос эмч нарын нэхэж байгаа 100 гаруй мянган ам долларыг цуглуулах гэж хэр чадлаараа зүтгэснийг би мэднэ. Хороо, хорины даргаас эхлээд УИХ-ын гишүүнд хүртэл хандан өргөдөл бичиж, төрийн бус байгууллагуудын үүдийг элээж, хандив мөнгө гуйж, нэртэй сүртэй, олны танил яруу найрагчид, дуучдыг царайчлан охиндоо зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар оролдоод бүтэлгүйтсэн найзыгаа хараад \”Өвчтэй хүн ганцаараа өвддөггүй, ойр дотныхоо бүх хүнийг өвтгөдөг юм байна даа” гэсэн гашуун бодол хоолой зураад л ирэв. \”Монголд өндөр өртөгтэй мэс засалд зориулсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт байдаг юм байна. Охин маань Монголд мэс засалд орвол нийт хагалгааны зардлын 75 хувийг даатгалаас төлдөг гэнэ. Хэрвээ энэ үнэн бол би 20 хүрэхгүй сая төгрөг төлөөд охиноо босгоод авах боломжтой юм байна. Чи энэ талаар мэдээлэл цуглуулаад өгөөч” гэж ярих түүний нүдэнд горьдлогын оч гялс хийхийг олж харав.
Эмчилгээний төлбөрийнхөө 75 хувийг хөнгөлүүлнэ гэдэг сайхан мэдээтэй хамт \”Даатгал төлбөрийг маань төлж өгөх болов уу” гэсэн горьдлого, \”Монголд өндөр өртөгтэй мэс заслыг хэр найдвартай хийх бол” гэдэг эргэлзээ, \”Мэс засалд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь чанартай болов уу” хэмээх болгоомжлол байгаа нь илт. Түүн шиг өвчин зовлонд шаналсан олон мянган хүн амьдрахын төлөө хэр чадлаараа тэмцэж, хөрөнгө мөнгө, эд хогшлоо үрж заран хилийн дээс алхаж байгаа. Харин гадны эмч нарын нэхсэн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг төлж чадахгүй нь үхэх өдрөө хүлээн чимээгүй шаналж суугаа.
Өнгөрсөн онд Монгол банкнаас гадаадад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн зардлын талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар гадаад улсруу эмчлүүлэх зорилгоор аялж буй Монгол иргэд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Тайланд, Энэтхэг улсуудад эмчлүүлдэг бөгөөд 2011-2014 онд жилийн дунджаар тус улсуудад эмчлүүлэгчдийн тоо 13684, зардлын дүн 45 сая ам.долларт хүрсэн байна. Мөн бусад улсад эмчлүүлсэн дүнг нэмж тооцоолбол нийт зардал 58 сая ам.доллар. Энэ бол төлбөрөө банкаар дамжуулж хийсэн иргэдийн тоо. Бэлэн мөнгөө барьж очоод хэчнээн хүн эмчилгээ хийлгэснийг тоолох аргагүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 58 сая.ам доллар буюу нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг өндөр өртөгтэй мэс засалд монголчууд зарцуулсан байна. Энэ мөнгө өвчтөний хэтэвчнээс гарч байгаа гээд бодохоор хэчнээн айл өрх халаасаа тэмтрэн хөрөнгө мөнгө цуглуулах гэж шаналсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Тийм ч учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа 75 хувийн эмчилгээний төлбөрийн талаар сурвалжиллаа.
Бидний алдсан хийгээд олсон боломж
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтыг баталжээ. Тэр ч бүү хэл 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яам, Эрүүл мэнд спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд нар 248/161/А/88 дугаартай хамтарсан тушаал гаргасан байна.