Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан тус үндэсний зөвлөлийн орлогч даргын хувьд дараах хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг сануулж хэллээ.
Нэгдүгээрт: Санхүүжилт.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Иймд бид гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гамшгийн дараа учирч болзошгүй хохирлоос сэргийлж, түүнд зарцуулах зардлын хэмжээг 10-15 дахин хэмнэх боломжтой. Гэтэл 2015-2021 оны дунджаар манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал юм.
Холбогдох хууль тогтоомжид төсвийн 1-1.5 хувь байхаар тусгасан байдгийг аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь чухал байна.
Хоёрдугаарт: Салбар дундын хамтын ажиллагаа
Хэлж ирдэггүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, даван туулах үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагаа нэн чухал байна. Төр, хувийн хэвшил, ард иргэд гээд бүх талын оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй.
Гуравдугаарт: Мэдлэг, ойлголт, дадал
Аливаа гамшиг ослын үед бэлэн байх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадал чадварыг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныханд суулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байна.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэнээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж, цаашид Үндэсний зөвлөлийн гишүүдэд салбарын түвшинд онцгойлон анхаарч өндөр хариуцлагатай хэрэгжүүлэх хугацаатай үүрэг чиглэл өглөө.