УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар Орхон аймагт ажиллаж байгаа билээ. Энэ үеэр О.Содбилэг гишүүнтэй \”тооцоотой\” нэгэн эрхэм олны дундаас ийнхүү сэтгэгдлээ хэлсэн байна.
Тэрээр \”Содбилэг гишүүн ээ, та намайг сайн санахгүй байж мэднэ. Би Говил багийн иргэн Амарсанаа байна. Эрдэнэтийнхэн намайг мэднэ. Би үүргийн худалдаагаар ном зардаг. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө 2012 оны сонгуулиар таныг сурталчилгаа хийж байх үед би Донровын Намдагийг цоо шинэ цуврал гурван ботийг таньд үзүүлж байсан. Та худалдаж авъя гээд одоо би таньд мөнгө өгч болохгүй, хууль зөрчинө. Сонгуулийн дараа би таны номны мөнгийг өгнө гэж хэлээд миний гурван номыг аваад явсан. Туслах чинь надаас тэр гурван номыг минь авсан. Түүнээс хойш би мөнгөө авч чадахгүй өдий хүрлээ. 2016 оны сонгуулиар таньтай уулзах гэтэл таны бие хамгаалагчид ойртуулаагүй шүү. Би өнөөдөр таныг ирсэн гэж дуулаад номныхоо мөнгийг авах гэж гурван хүүхдээ гэрт нь цоожлоод ирлээ. Номныхоо мөнгийг л авмаар байна. Би ном зардаг ажил хийдэг. Мөнгөө авъя\” гэжээ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид иргэдэд олон ч зүйл амалж явдаг. Олон ч амлалтаа мартдаг байлгүй. Тэгвэл О.Содбилэг гишүүн Эрдэнэт номын худалдаачнаас ном авсан мөртлөө мөнгийг нь өгөлгүй таван жил болсон байна. Одоо эрх биш мөнгийг өгч, тооцоогоо дуусгасан байлгүй дээ. Энэ бусад гишүүдэд ч сургамж болох биз. Элдэв амлалт байвал эртхэн санаж, тооцоогоо дуусгаж байгаарай, эрхэм гишүүд ээ. Үгүй бол О.Содбилэг шиг олны өмнө нь онигоо болох нь байна шүү.
Шар хүү
Үндэстэн агентлаг