Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн
дөрөвдүгээр зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар УИХ-д суудалтай намууд дангаараа
буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэж заажээ. Эндээс УИХ-д суудалтай Монгол Ардын нам,
Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам /О.Баасанхүү нэг суудал авсан/ зэрэг
намуудаас гурван хүн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой болоод байна.
МАН-д буюу эрх баригчдад бодсон хүн бий
биз. Харин АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой олон хүн байна.
Тэдний дунд нэг тэрбум төгрөгийн босго тавьж, түүнийг давж чадах хүнийг буюу
хөрөнгөтэй хүнийг намаа төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж магадгүй
гэсэн яриа гараад байна.
Тэгвэл МАХН-аас нэр дэвших хүсэлтэй ганц л
хүн бий. Тэр нь өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Н.Энхбаяр. Гэвч
Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй тухай хуулийн зүйл заалтууд байх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн
дөрөвдүгээр зүйлийн гуравдахь хэсэгт \”Эх орондоо байнга оршин суугаа,
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд
тасралтгүй, 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй …” гэсэн
заалт байна. Энэ заалтаар байсгээд л БНСУ-д эмчилгээ хийлгэхээр оддог, хоригдож
гарч ирээд тус улсад багагүй хугацаанд амьдарсан гэх шалтгаанаар Н.Энхбаяр
сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Тэгээд ч сүүлийн таван жилд
Н.Энхбаяр Монголд байнга оршин суугаагүй гэдгийг хэвлэлд гарсан мэдээллүүд,
хилээр гарсан штампаас харж болно.
Гэтэл мань хүн нэр дэвшинэ гэж мэдэгдчихээд
байгаа. Мөн зөвхөн түүний нэр дэвших эрхийг хязгаарлахын тулд дээрх хуулийг
санаачилсан ч гэж тайлбарлаж байна. Одоо мөрдөгдөж буй хуулийн хувьд 2012 оны
12 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан хууль байгаа. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярт
авлигын хэргээр ял оноож байх үед батлагдсан хууль юм. Тэгэхээр түүнийг нэр
дэвшүүлэхгүй байхын тулд гаргасан хууль гэж нэрлэхэд өрөөсгөл.
Тэгвэл өнгөрөгч баасан гаригт Сүхбаатар
дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг \”сонгуульд нэр дэвших боломжгүй” гэсэн шийдвэрийг
гаргасан байна. Өөрөөр хэлбэл түүний ял шийтгүүлсэн хугацаа нь дуусгавар
болоогүйтэй холбоотой болов уу. Ер нь тэгээд ч авлига хээл хахуулийн хэргээр ял
шийтгүүлж байсан хүн, дээр нь удаан хугацаагаар гадаадад амьдарчихсан байж
Ерөнхийлөгчийн сонгуульд заасан зүйл заалтыг зөрчин байж нэр дэвших гээд
байгаагийн учир шалтгаан юу бол. Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг
дээ.