Б.Ангар гэх хүний бичсэн ийм нэртэй нийтлэл өдрийн
сонинуудын тэргүүн нүүрэнд заларчээ. Олон сонины эхний нүүрэнд заларсан тул
төлбөртэй нийтлэл бололтой. МАН-аас томилсон АН-ын дарга гэх шооч нэрний эзэн
болсон С.Эрдэнэ дарга захиалан бичүүлж, төлбөр тооцоог нь төлөн хэвлүүлсэн байж
магадгүй л юм. Гэхдээ дотоод агуулгаар нь хөөж үзвэл энэ нийтлэлийн эзэн Р.Амаржаргал
байх нь илүү үнэмшилтэй бололтой. Намын нэр дэвшигчид тодрох хуулийн хугацаа
өнөөдрөөс эхлэж байгаатай холбогдуулан мань хүн намын нийт гишүүддээ бяцхан
уриалга гаргасан бололтой юм. М.Энхболд эдийн засгийн сэхээн амьдруулах
ярьсанаас хойш иймэрхүү үгээр жишээ авах нь элбэг болж. Ингэхэд АН сэргэх эсвэл
сэхээнд орох дээрээ тулсан уу гэдэг сонин л асуудал. Тус нийтлэлийн эхэнд ”Ардчилсан
ерөнхийлөгчийн буухиаг тасралтгүй үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үеийн өмнө
Ардчилсан нам тулж ирээд байна” гэжээ. Ер нь ардчилсан ерөнхийлөгч гэж хэн бэ
гэсэн асуулт асуух цаг нь ирсэн. Зөвхөн энэ намаас сонгогдсон хүнийг ардчилсан
ерөнхийлөгч гэж нэрлээд баймааргүй юм. Шударга сонгуулиар гарч ирсэн
ерөнхийлөгч бүхэн ардчилсан. Тэр тусмаа ардчилсан ерөнхийлөгч тодотголтой
Ц.Элбэгдорж ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байж чадаагүй. Тэр үүсгэн
байгуулсан намынхаа томчуул болох Х.Баттулгатай, Н.Алтанхуяг нартай үзэл бодлын
дайн өдүүлж , олон ч гар хөлийг нь \”шударга бусын хонгил” гэгчдээ хийсэн. Энэ
талаар өчигдөр буюу 5-р сарын 1-ний өдөр Н.Алтанхуяг \”Цензургүй яриа”
нэвтрүүлэгт орохдоо хангалттай ярьсан. Ардчилсан нам сэхээнд орсон уу гэвэл
үгүй. Угаасаа л өөр хоорондоо хөлөө жийлцэх процесс бол энэ намын үндсэн өнгө
төрх. Бараг гучин жилийн түүхэндээ иймэрхүү асуудлын дархлаа хангалттай суусан.
Сонгуульд ялагдсан ялагдал шинэчлэл хэрэгтэйг харуулсан нь үнэн. Гэхдээ
шинэчлэлгүй бол энэ нам сөхрөх гээд, сэхээнд орох гээд байгаа буюу өөрөөр
хэлбэл тарж бутрах дээрээ тулсан гэвэл худлаа. Монголын улс төрийн хамгийн том
хоёр хүчний нэг гэдэг үүднээсээ ямар ч үед энэ нам оршин тогтнох чадвартай.
Өнөөгийн удирдагчид биш юм гэхэд өөр хэн нэгэн гарч ирээд аваад явах л болно. Нийтлэлийн
дунд хэрд \”Одоо салхи эргэж, АН-аас дэвшсэн хэн ч байсан ерөнхийлөгчийн
сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдээд байна. Тодруулбал, мөнгөө тоолж
барахгүй нэгэн байхад, мэдлэг боловсролтой, өөрийн нүүрээрээ явж байгаа хүн ч
байна бүр эсрэг намаа дэмжиж санал хуваах улмаар рейтинг өндөртэй нэгнээ \”дарах”
зорилготой хүн ч байх” хэмээн бичжээ. Мөнгөө тоолж бардаггүй баян гэвэл
Б.Жаргалсайхан, Х.Баттулга, Лу.Болд нарыг хэлж болно. Харин мэдлэг
боловсролтой, өөрийн нүүрээрээ явж байгаа хүн гэвэл Р.Амаржаргал олон хүний
санаанд бууна. Эсрэг намаа дэмжиж санал хуваах гэж байгаа этгээд нь Н.Алтанхуяг
юм байлгүй. Өөрөөр ингэж хардах хүн олдохгүй. Уг нь Н.Алтанхуяг ч рейтинг
өндөртэй, ерөнхийлөгчийн сэнтийт бөгсөө тавиад үзэх их хүсэлтэй л яваа нэгэн.
Тэгээд ч МАНАН гэх ойлголт байсаар байгаа цагт АН-ын рейтинг айхтар өндөр гарч
чадахгүй. Энэ нам хэнийг ч нэр дэвшүүлсэн ялах магадлалтай гэдэг тун чиг хэцүү
ойлголт. С.Баярцогт оффшортой, Ц.Элбэгдорж \”шударга бусын хонгил”-той гэх муу
нэрс намаас нь салаагүй л байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах энэ
намын хувьд сэргэлт мөн байж болох ч ялагдал нь сэхээний тасагт аваачих үйл явц
биш. Тэртээ тэргүй энэ намд мөнгөтэй бол мөнгөтэй, мэдлэгтэй боловсролтой, улс
төрийн туршлагтай этгээдүүд олон бий. Зөвхөн сандал ширээ эзэгнэж байж оршин
тогтнож байна гэж үздэг энэ үзлээ орхиж бодлого, үзэл баримтлалын нэгдэл болж
чадаж гэмээ нь он удаан нэр өндөр орших эхлэл тавигдана. Энэ бол улс төрийн
намын үнэт зүйл. Харин энэ үнэт зүйлээ АН замын дунд гээж орхиод олоогүй л
байгаа.
С.Амаржаргал