Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд багтаж байгаа аж. Ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нийт 53 байршилд ажлын явцтай очиж танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шалгалтын ажлын явцад ажил нь удааширсан болон зогсонги байдалтай байгаа барилгын ажлыг шуурхайлж, ажлыг тогтсон хугацаанд хариуцлагатайгаар хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. \”Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын концессоор баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаад явж байна. Барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна. Зарим газарт дэд бүтэц болоод газрын асуудлууд гарч байна. Шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь бид шийдвэрлэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөр, концессоор нийслэлийн хэмжээнд 72 бага сургууль цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.