Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дөрөв дэх удаагийн хуралдаан өнөөдөр /2015.10.30/ Төрийн ордонд боллоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан талаар комиссын гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр хэлэхдээ, уг хуулийн өөрчлөлтөөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд дараах нэмэлт орууллаа. Үүнд:
1.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 3 зүйл ангийг нэмсэн:
1/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/
2/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/
3/Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/ гэмт хэргийг нэмсэн.
2.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад 6 зүйл ангийг нэмсэн:
1/Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/
2/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/
3/Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/
4/Хээл хахууль авах /Эрүүгийн хулийн 268 дугаар зүйл/
5/Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйл/
6/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөх юм гэлээ.
Хуралдаанаар комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх асуудалтай холбогдуулан саналаа солилцов. Хуулийн хэрэгжилтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахад комиссын гишүүд анхаарч, өөрсдийн байгууллагын чиг үүргийн дагуу холбогдох баримт материал, тооцоо судалгааг яаралтай бүрдүүлж ирэх долоо хоногт бэлэн болгох, өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох яамдад тавьж шийдвэрлүүлэх, орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлэх нь зүйтэй гэж тогтов.
Комиссын хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох Улсын Их Хурлын С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.