Twitter” компаниас гол
хэрэглэгчдэдээ хоёр дахин олон тэмдэгтээр жиргэх боломжийг олгохоор боллоо.
Өөрөөр хэлбэл, одоогийн 140 тэмдэгтийг 280 болгон нэмэгдүүлж байгаа аж. Гэхдээ
энэ боломж нэг үсгээр олон мэдээлэл илэрхийлэх боломжтой Япон, Хятад, Солонгос
хэлээр жиргэгчдэд хамаарахгүй гэнэ.
Цөөн тэмдэгтээр жиргэхэд хүндрэлтэй
байдаг хэмээн хэдэн жилийн туршид шүүмжлэл хүртэж ирсэн тус компанийнхан энэхүү
шинэ алхмыг өнгөрөгч есдүгээр сараас цөөн тооны хэрэглэгчдийн дунд туршиж
эхэлсэн юм. Энэ нь шинэ хэрэглэгчдийг татах, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх
төлөвлөгөөт ажлынх нь нэгээхэн хэсэг аж.
Туршилтын дүнгээс харахад 140
тэмдэгтээс дээш жиргээ ердөө таван хувь, 190 тэмдэгттэй жиргээ хоёр хувийг
эзэлж байжээ. Харин олон тэмдэгтээр жиргэсэн хэрэглэгчдийг харахад твиттерт
олон дагагчтай, жиргээнд илүү олон цагийг зарцуулдаг хүмүүс байжээ.
\”Туршилт явуулсан эхний өдрүүдэд
дөнгөж шинээр нэвтрүүлсэн учраас маш олон хүн сонирхож 280 тэмдэгтээр жиргэж
байсан. Гэвч удалгүй цөөн тэмдэгтээрээ жиргээд эхэлсэн. Хүмүүст 140-өөс олон
тэмдэгтээр жиргэх хэрэгцээ байна гэж бид харж байсан. Гэвч хэрэглэгчид ихэнх
үед 140 хүртэлх буюу цөөн тэмдэгтээр жиргэсээр байна” хэмээн \”Twitter” компанийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Ализа Розен ярьжээ.
Компанийн зүгээс Англи хэл дээрх
жиргээний 9 хувийнх нь тэмдэгтийн тоог нэмж үзжээ. Ийнхүү тэмдэгтийн тоог
нэмэгдүүлэх нь хүмүүсийн жиргээнд чухал нөлөө үзүүлэхгүй гэж тэд үзэж байгаа
аж. Одоогоор 330 сая идэвхтэй жиргээч байгаа бөгөөд үүнийг бусад олон нийтийн
сүлжээтэй харьцуулбал маш бага тоо юм. Тухайлбал, Инстаграм 800 сая, Фейсбүүк хоёр
тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй юм байна.
Орчуулсан Б.Болормаа