Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу өчигдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Үндэсний стастистикийн хорооноос гаргасан \”Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор одоо монгол эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа 17.06 жил, эмэгтэй хүний 55 наснаас хойш амьдрах хугацаа 25.38 жил байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд эрэгтэй 20.94 жил, эмэгтэй 55 наснаас хойш 28.71 жил болж жилд дунджаар 1.6-2 сараар нэмэгдэхээр гарчээ.
Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Энэ нь тэтгэвэр тогтоолгох нас ойртож, хүлээлт үүссэн даатгуулагч иргэдийг бухимдуулж байна хэмээн Сангийн сайд хэллээ.
Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.
Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа.
Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгажээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Д.Ганболд, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд нар тэтгэвэрт гарах насыг буцаан өөрчлөх болсон нь эдийн засгийн бололцоо бий болсных уу, иргэдийн хүсэлт, нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой юу хэмээн лавлав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, манай улс ОУВС-гийн \”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээс хойш төсвийн орлого нэмэгдэж, алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжран, эдийн засаг өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсныг хариултын үеэр онцолсон.
Нөгөө талаар иргэдээс ирсэн санал хүсэлтийг харгалзсан хэмээгээд нарийн мэдрэмж шаардсан, мөн хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн хувьд 65 насанд тэтгэвэр тогтоолго гэж хатуу тогтоох нь иргэддээ хүндрэлтэй болох нь тогтоогдсон учир энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ. Даатгуулагчэмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэр тогтоолгох бөгөөд хүсвэл цаашид ажиллах боломжийг нээж өгсөн хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд, Ё.Баатарбилэг нар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож тэтгэврийг тогтоодог тогтолцоог 7 жил болгон өөрчлөх гэж буй шалтгааныг тодруулсан юм.
Сангийн сайдын хариулснаар, одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэжбайгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.
Тэтгэврийн сан 2015 онд 472 тэрбум, 2016 онд 552 тэрбум, 2017 онд 578 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд 2018 онд 609 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тооцоо бий. Цаашид жилээс жилд энэ алдагдал нэмэгдвэл одоогийн тэтгэвэр авч буй хүмүүсийн авах тэтгэвэрт хүндрэл үүсч болзошгүй гэж үзэж буй учир дээрх шийдвэрийг гаргасан гэлээ.
Нийгмийн даатгалын тогтолцоотой ихэнх улс оронд энэ хугацааг доод тал нь 10 жил, улмаар шимтгэл төлсөн бүх жилүүдийн цалингаас тооцдог юм байна.
Гишүүд ийнхүү асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Билэгтээр ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоол батлав.
Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн хүсэлтээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөн бөгөөд тус байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс мөн чөлөөлөгдөж буй аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн А.Ундрааг сонгох саналыг ирүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн А.Ундрааг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүнээр сонгохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.