Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа билээ. Тиймээс бид энэ удаад Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатартай энэ талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Тэрээр Биофизикийн ухааны доктор бөгөөд АНУ-ын Үндэсний лабораторид эрдэмтэн, профессор, АНУ-ын Үндэсний хүрээлэнд дөрвөн жил судлаач эрдэмтнээр ажилласан туршлагатай, манай шилдэг залуусын төлөөлөл юм.
-Юун түрүүнд Оном гэдэг нэрний тухай тодруулъя.
-Оном гэдэг бол манай буурал аавын нэр юм. Сонирхуулахад, Оном гэдэг нь түвдээр огторгуйн хязгаар, санскритаар эрдэм дэлгэрүүлэх гэсэн утгатай юм билээ. Буурал аав минь жирийн малчин хүн байсан. Бид буурал аавыгаа хүндлээд сангаа ийн нэрлээд 2008 онд байгуулсан юм. Буурал аав улаан хоолойн хорт хавдраар бурхан болсон. Харин манай хоёр нагац элэгний вирусийн улмаас нас барсан. Аав, ээж хоёр минь хоёулаа элэгний с вирусийн халдвартай байсан. Одоо эдгэрсэн. Би
-Оном сангийн үйл ажиллагааны чиглэлийг товч дурдахгүй юу?
-Яг тогтсон чиглэл гэж байхгүй. Ерөнхийдөө эрүүл мэнд, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт хүнд хэрэгтэй тодорхой зүйлүүдийг хийе гэж зорьсон. Жишээ нь, 2010-2012 онд зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Үр дүн нь маш сайн гарсан. Мянганы сорилтын сангаар Монгол Улсад орж ирсэн энэ төсөл нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үр дүнтэй төсөл болж чадсан. Ямар ажил хэрэгжүүлсэн бэ гэхээр тухайлбал, цусны даралтыг бууруулах эмийг тараасан. Даралт 140 хүрэх л юм бол даралт ихсэх өвчинтэй болж байгаа гэсэн үг. Гуравдугаар эмнэлэгт тархины цус харвалтын цогц төв байгуулж, харавсан хүмүүсийг их сайн эмчилж чаддаг болсон. Анхан шатан дээр болон гуравдугаар шатлал дээр үйл ажиллагаа явахаар Монгол хүний тархины цус харвалтаар нас барах тоо буурсан. Гэхдээ энэ бол нийгмийн өвчин учраас өвчлөл ихсээд л байгаа.
-Ер нь даралт хэд байвал хэвийн гэж үзэх ёстой вэ?
-Нормал хэмжээ нь бол 120/80. Бас цусны даралт багасах өвчлөл бий. Гэхдээ цусны даралт багасах нь 100-ны 10 хувь байдаг.
-Хэзээнээс элэгний чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ. Мөн яагаад элгийг сонгож авав?
-2012 оноос хойш элэгний чиглэлээр ажиллаж байна. Учир нь Монгол хүмүүс нэг л түүхтэй. Элэгний өвчнөөр найз нөхөд, ах дүү хамаатан гээд хэн нэгнээ алдаагүй хүн гэж бараг үгүй. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тухайд хэлье. Эхний ээлжинд бид вируст хепатитийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа гэж эхэлсэн юм. Энэ бол 2012 онд эхэлж, 2013 онд үргэлжилсэн судалгааны ажил. Баримтат суурилсан бодлого гэж гаргаж ирэхийн тулд судалгаа хийсэн. Дэлхийд элэгний өвчтэй нас барж байгаа хүмүүсийн 80 хувь нь элэгний вирусээс болдог. Монгол Улсад магадгүй 90 хувь. Ихэнх тохиолдолд элэгний B, C, D гэсэн архагшдаг вирусээс болж байгаа юм. А, Е нь бохироор өвчилж, цочмогоор өвдөөд эдгэдэг, архагшдаггүй. Байнгын тээгч болохгүй гэсэн үг.
Ингээд бид албан ёсоор 2014 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Вируст хепатитын өнөөгийн байдал, цаашдын төлөв” гэсэн үндэсний хурал зохион байгуулаад нийтэд ил гарсан юм. 2014 оны есдүгээр сарын 08-нд вируст хепатиттай тэмцэх үйл ажиллагаа “Эрүүл элэг” хөтөлбөр болж, олон нийтэд зарлан хэрэгжүүлж байгаад 2015 оны зургадугаар сарын 22-нд “Эрүүл элэг-Үндэсний арга хэмжээ”-г зарласан. Харин одоо “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр болгож өргөтгөөд явж байна. Хөтөлбөрийн элэгний чиглэлийн зорилт нь С вирусийг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хорт хавдар, нас баралтыг эрс бууруулах.
-Зарим элэгний архагшсан өвчтэй хүн Харвони төрлийн эмийг хэрэглэх шаардлагагүй гэсэн байдаг. Яагаад болдоггүй юм бол, энэ талаар тайлбар өгөөч.
-Энэ эм бол С вирусийг л устгадаг эм. 1 мл цусанд хэдэн ширхэг вирус байна вэ гэж тоолсны үндсэн дээр эмчилгээ хийлгэнэ. Хавдартай, хатууралтай хүмүүс ч эмчилгээ хийлгээд С вирусээ устгуулчихаж болж байна. Харин В, D вирустэй хүмүүст энэ эм үйлчлэхгүй. Тэгэхээр тухайн хүн яг ямар вирустэй байна вэ гэдгээ тодорхойлуулах хэрэгтэй. Жишээ нь, В вирустэй бол эмчилгээ нь олон дахин хямдралтай байгаа. Бүрэн устгадаггүй ч, маш сайн дарангуйлдаг эмчилгээ бий. D вирусийн хувьд асуудал жоохон төвөгтэй. B вирустэй хүнд л D вирус халддаг. Ийм хам халдвартай бол интерфером гэдэг л эмчилгээ бий. Ер нь элэгний аль ч вирусийн хувьд ямар ч арга байхгүй гэсэн юм тун бага.
-D вирус дангаараа халдварлана гэж байхгүй юу?
-Энэ вирус согогтой вирус учраас зөвхөн B вирустэй хүнд л халддаг. Тиймээс B вирус аваагүй хүн вакцинаа л сайн хийлгэх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга.
-Шприцийн шар гэж байсан. Үүгээр өвчилсөн хүн ямар төрлийн вирус авдаг вэ?
-Ямар ч төрлийн вирус халдварлаж болно. А бол бохироор буюу хоол ундаар халддаг. Өвчилсөн үед нүд нь ногоорч, царай нь шарлах байдлаар илэрдэг. С вирус зөвхөн цусаар болон бэлгийн замаар халдварлана. Е нь бас цочмогоор өвддөг, А-тай ерөнхийдөө төстэй. Мөн хоол хүнсээр халддаг ба илрэх байдал нь А-тай адил.
-Элэгний вирусийн вакцин, эмчилгээ, эмийг бага насны хүүхэд хэрэглэж болох уу?
-1991 оноос хойш төрсөн хүүхэд бүрт вакцин хийсэн. Вакцинтай хоёр төрлийн вирус л байгаа. А, В вирусийн эсрэг вакцин гэж бий. В вирусийн эсрэг вакциныг товлолд оруулаад хийж байгаа. Гэхдээ 10-15 жил хамгаална. Тэгэхээр 15-35 насны хүмүүс халдвар авах хамгийн их эрсдэлтэй бүлэг. Мөн бэлгийн хувьд илүү их идэвхтэй байдаг. Элэгний вирус бүгд бэлгийн замаар халддаг. Монголын элэгний эмч нарын нийгэмлэг гээд байгууллагын эмч нарын судалгааг үндэслэсэн тоо баримтаар хавьталттай холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд B вирусийн халдвар илүү өндөр байна. Эмэгтэйчүүдийн хувьд С вирусийн халдвар өндөр байдаг. Учир нь эмнэлгээр их үйлчлүүлдэг. Жишээ нь, төрөх, гоо сайхны ажилбар гэх мэтээс халдвар авдаг. С вирусийн хувьд эрсдэл арай бага хэдий ч С вирус тасалгааны хэмд 3 сар хүртэл тэсвэртэй бол цусаар халдварлах чадвараараа ДОХ-оос 10 дахин илүү. В вирус 100 дахин, D вирус магадгүй хэдэн сая дахин илүү. А вирус хүүхдүүдэд ихэвчлэн тархдаг. А-гийн эсрэг вакциныг 2013 оноос оруулж ирээд хийж эхэлсэн.
-Иргэд элэгний вирусийн халдвар хаанаас авснаа мэдвэл тухайн байгууллагад хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий юу?
-Ийм тогтолцоо байхгүй, бий болгох хэрэгтэй. Гэхдээ иргэд халдваргүй гэдгээ үйлчлүүлэх гэж байгаа газраа хэлж, бичгээ үзүүлээд урьдчилан сануулах боломжтой. Энэ бол хариуцлага тооцно шүү гэсэн дохио болно шүү дээ.
-Саяхан эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг та хоёрын дунд асуудал үүслээ. Таныг нэр төрд халдсан гэсэн. Өөрөөр хэлбэл, 3 тэрбум төгрөгийг A.Цогцэцэг сайд асан “Аллерги Мед” эмнэлгээрээ дамжуулан завшсан гэсэн пост бүхий бичлэг байгаа. Энэ талаар тайлбар өгөөч.
-2017 оны наймдугаар сарын 6-нд А.Цогцэцэг сайдтай холбоотой “Аллерги мед” гэж эмнэлэг вирус тоолдог болсон тухай миний фэйсбүүк лайв хийснийг “Дэлхийгээс зайл” гэдэг цахим хуудаснаа гуравдугаар сарын 2-нд байршуулсан юм байна. Улс төрийн холбогдолтой янз бүрийн хэрүүл маргаан тавьдаг сайт юм билээ. Гэхдээ миний лайв дээрх пост нь жоохон хэтрүүлэгтэй тавигдсан байсан. Харин үүний хариуд А.Цогцэцэг сайд мэдэгдэл гаргасан. Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар миний нэр төрд халдаж, худал, үнэн цаас барьж зохион байгуулалттайгаар түгээлт хийж байгаад эргэлзэн тээнэгэлзэж, харамсаж байна гэсэн байгаа юм. Монголчууд бид хэрүүлд дуртай болчихсон юм уу даа. Оном сангийн хувьд хэрүүл хийгээд явах нь бидний сонирхлын асуудал биш, бидний ажил ч биш. Гэхдээ үнэхээр болохгүй зүйл байвал дуугардаг. Энэ асуудлын тухайд буруу зүйл болсон уу гэвэл болсон. Бид энэ зүйлийг нийтэд ил гаргаж тавьсан уу гэвэл тавьсан. Хариуцлага тооцогдсон гэж бодож байгаа. А.Цогцэцэг эрүүл мэндийн сайд биш болсон. Монголчууд бид талцаж хэрэлдэх бус, улс орноо яаж урагш нь чирж хөгжүүлэх вэ, яаж улс шиг улс болгох вэ гэсэн хүсэл сонирхолтой л байх ёстой.
-Та улс төрд орох уу?
-Олон нийтийн дунд бага зэрэг танигдаад, бага зэрэг ажил хийгээд явахаар хүмүүст ихэнхдээ улс төрд орох гэж байна гэсэн хардлага төрж байх шиг байгаа юм. Зарим комментод Д.Наранбаатар доктор 2020 оныг хүлээж байгаа байх гэх жишээтэй. Надад улс төрд орох сонирхол байхгүй. 2020 онд өрсөлдөхгүй ээ. УИХ-д суухгүй. Энэ бол ямар ч хэрэг байхгүй зүйл. Монголын залуу үе улс төр л гэж юм байдаг, энд л орж байж хүнд хэрэгтэй юм хийх боломжтой, эсвэл өөрөө амьдрах боломжтой гэж боддог. Энэ үе өнгөрсөн шүү дээ. Бидэнд хийх юм маш их байна.
-Та бүхний монгол хүний эрүүл мэндийн төлөө хийж буй ажил үйлс их сайхан бүтэмжтэй явж байгаа. Сүүлийн үед хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлаасаа танилцуулаач.
-Заримдаа бидний хийж байгаа ажлыг мушгин гуйвуулж, харлуулах гэсэн хандлага орохоор их эмзэглэх юм. Бид “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” гэж хөтөлбөр хэрэгжүүлэх гээд зүтгэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд зүрхний, цусны даралт ихсэх өвчний тархалтыг тодорхойлсон 5000 гаруй хүний судалгааг дуусгалаа. Үүн дээр үндэслээд зүрх судасны өвчин, тэртусмаа тархины цус харвалт өвчинтэй тэмцэхээр бид улсаас нэг ч төгрөг авалгүй, чадлынхаа хэрээр ажиллаж байна.
Монгол Улс тархины цус харвалтаар дэлхийн дунджаас 4 дахин их нас баралттай. Гэтэл биднийг зүрхний эм оруулж ирээд баахан ашиг олох гэж байна гэж ярьж бичиж байна. Бид нэг ч эм зардаггүй. Гэхдээ хэрэгцээтэй эмээ ард иргэд худалдаж авч дийлэхгүй энэ үед эмийн үнийг бууруулах чиглэлээр бид арга хэмжээ авах нь зөв гэж боддог.
Мөн Парис хотноо болох олон улсын элэгний конгрессийн үеэр зарлах сая хүний амийг аврах зорилготой нэгэн шинэ санаачлагаа хэрэгжүүлэх гэж байгаа.
-Өнгөрсөн жил хэр үр дүнтэй ажиллав. Ер нь 2020 оны төлөвлөгөөндөө хүрэхэд хэр ойрхон ирсэн бол?
-Өнгөрсөн жил бид 40-65 насны 770 орчим мянган хүнийг шинжилгээнд хамруулах байсны 40 гаруй хувийг л оруулж чадсан. 330 мянган хүнийг шинжилгээнд хамруулсан. Энэ жил 15-аас дээш насны бүх хүмүүсийг хамруулах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2018 оны сүүлч гэхэд 15-аас дээш насны 2,2 сая хүнийг шинжилгээнд хамруулсан байх ёстой гэж тусгасан байгаа. Эмчилгээнд одоо 30 гаруй мянган хүн хамрагдаад явж байна. Энэ жил бид 40 орчим мянган хүнийг эмчилж байж 2020 он гэхэд С вирусийг устгах төлөвлөгөөндөө хүрэх юм.
-Тэгвэл элэгний В, D вирусийн эмчилгээнд хэр ахиц, дэвшил гарч байгаа вэ?
-Элэгний В вирусийн хөнгөлөлтийг улам сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа. D вирусийн хувьд энэ оны дөрөвдүгээр сард болох элэгний конгрессын дараа эрдэмтэдтэйгээ хамтраад үйл ажиллагаагаа нэлээд эрчимжүүлэх болно. Судалгааны хувьд мэдээж С вирусийн хэмжээнд үр дүнд хараахан хүрээгүй ч, шинжлэх ухаанд хувьсгал гарах түвшинд арай болоогүй ч В, D вирусийг эмчлэх чиглэлд хөгжил дэвшил явагдаж л байна.
-Хүмүүсийн дунд элэгтэй холбоотойгоор шарталтын тухай хоёр янзын яриа байдаг. Ер нь шарталт нь элэгний үйл ажиллагаа сайны шинж үү, муугийн шинж үү?
-Ерөөсөө л шарталт гэдэг нь хордлогын шинж. Элгээ дэндүү их гэмтээж байгаагийн шинж. Сайн, муу ажиллаж байгаадаа биш. Хэмжээнээс хэтэрсэн их архи уугаад бүхэл бие организм нь хордолтонд орж байгаагийн шинж. Шартталаа уугаад байна гэдэг нь элгээ алаад байна гэсэн үг. Их хэмжээгээр архи уухаар элэг ажиллаж чадахгүй “болиоч ээ” гэж орилж байгаа гэсэн үг.
-Архинд донтсон зарим хүний элэг эрүүл байдаг гэдэг. Энэ ямар учиртай юм бол?
-Зарим хүний төрөлхийн генетикийнх нь чадамж нь сайн байдаг. Тэр хүмүүс архийг сайн боловсруулж чаддаг, элэгнийх нь үйл ажиллагаа маш сайн байна. Ихэнх тохиолдолд хүмүүс архи уух тусам элэг нь хордоод мууддаг.
-Хэрэгтэй мэдээлэл хуваалцсан танд баярлалаа.
Я.Хулан