Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн Улаанxус сумын бүргэдчин, 86 настай Бабй Байтей тэргүүлжээ.
Харин хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гутгаар байрт С.Башаxан шалгарсан бол тусгай байранд Х.Елик тодорчээ. Мөн хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчинээр Б.Хайзым тодорлоо.
Тэргүүн байрын эзэн Бабй Байтей нь 1963 оноос бүргэдээр ан хийж эхэлсэн бөгөөд энэ удаагийн баярын хамгийн ахмад оролцогч байсан юм. Тэрбээр, “Би өнгөрөн хугацаанд нийт 40 гаруй бүргэд анд сургасан. Казах ястны ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, урт наслуулдаг гэж үздэг. Өдий өндөр насалчихаад ан хийж яваа минь ч үүнтэй холбоотой гэж сүсэглэдэг юм” хэмээв.
Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд зохион байгуулдаг уламжлалтай юм.