Урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гарсан даруйд тус төвийн ажилчид, хүүхдүүд эсэргүүцлээ илэрхийлэн, гадна талбайдаа жагссан. Гэтэл Соёлын төв өргөөний хувьчлалыг ч дотор нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эсэргүүцэж байна.
Соёлын Төв Өргөөг
- УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол,
- Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжүүлж байжээ. Энэ барилга нийт 9559 м2 ашигтай талбайтай.
7736,6м2 талбайд буюу 81 хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 м2 талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын \”Г” хэсгийг хувьчлах шийдвэрлэсэн юм.
Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд дараах шаардлагын улмаас хувьчлах шийдвэрийг буруу гэжээ.
Тус цогцолбор барилгыг Оросын холбооны улс барьж, шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад 1988 онд бэлэг болгон өгсөн түүхтэй. Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж бариагүй.
Улс орны хэмжээнд эдийн засаг доройтсон энэ цаг дор Соёлын төв өргөө төсвөөс нэг ч төгрөг авдаггүй.
Цогцолборын \”Г” хэсгийг (12 давхар барилга) хувьчлах нь эцэстээ өмнө хувьчлагдсан кино театрууд, цирк, хүүхдийн парк, варьета чуулгын араас орно гэсэн үг.
Соёлын тухай хууль, тогтоомжоор соёлын зориулалтаар барьж, ашиглаж ирсэн барилга байгууламжийг үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хуулиар хориглосон. Гэтэл хувьчлах нь бүх нийтийн гэгээрэл, соёл урлагийн хөгжлийг гацаасан, ухраасан сөрөг үр дагавар дагуулсан үйл явдал болохоос гадна шинжлэх ухаан, урлаг соёлын байгууллагууд орох оронгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болоход хүргэнэ.
Иймд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид ОХУ-аас бэлэглэсэн Соёлын төв өргөөний цогцолбор барилгын \”Г” хэсгийг хувьчлах шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг дараах байгууллагууд хамтран гаргалаа.
Шинжлэх ухааны Академи
Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын холбоо