– Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит “хороолол” болсон гэлтэй. – Хүүе, тэр хараач.
Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх…, тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд. Тэглээ гээд хүссэн зүгтээ зугтаж чадах биш дээ ямар. Усгүй намайг сэрүүцүүлж өгсөнд “Баярлалаа” эгч минь гээд л үлдэж байгаа юм. За энэ ч яахав, та нар намайг нэг муу гудамжны буланд хэнд ч тоогдохгүй насаараа амьдарсан болохоор тийм ч уйтгартай амьтан гэж бодохын хэрэггүй шүү. Миний амьдрал бол үнэхээр сонирхолтой. Саяхан гэхэд л бараадаж ургасан энэ байшинд маань амьдардаг айлын Гэрлээ бүсгүйг нэг залуу зорьж ирдэг юм байна. Ганган хээнцэр тэргээрээ намайг арай л дайрчихсангүй. Халуун бүгчим болоод ч тэр үү, машиныхаа хаалгыг дэлгэчихээд уулзаж байгаа хоёрын үг яриа, үйлдэл бүхэн нь нүднээ илт. Хөөрхий хүмүүс, хэн ч хараагүй гэж бодоод л хамаг нууцаа дэлгэн ярьж, үнсэлцэж гарсан даа.
Арга ч үгүй биз дээ, би сонслоо харлаа гээд ер нь яах ч билээ. За тэр ч яахав, хамгийн гол нь үс зүсээ цэмбийтэл янзалсан ганган залуугийн гарт улаан туузаар чимэглээстэй үзэсгэлэнт сайхан сарнайн үхэл дурлалт бүсгүйдээ барих хамгийн гоё бэлэг байсан нь дэндүү харгис ч юм шиг санагдаад явчихав. Сайхан улаан дэлбээгээ хумиад сульдсан нүдээрээ над руу аврал эрэн харахад нь өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрснийг юу гэх вэ. Сарнайн тавилан гэж энэ л байх. Бас бодоод байхад сарнайн үхэл ариухан юмаа, хайр сэтгэлт хосын аз жаргалын бэлэгдэл болоод үхнэ гэдэг бахархалтай төгсгөл биш гэж үү. Гэрлээ түүнийг гэртээ авч ороод яасныг нь мэдэхгүй л дээ. Би л хувьдаа, бусдад баяр хөөр, аз жаргал бэлэглэж, энэ орчлонд ирсэн хэргээ бүтээдэг сарнай цэцгээр бахархсаар хоцорсон юмдаг. За тэгээд, энэ хорвоогийн сонирхолтой зүйл алийг тэр гэх вэ, бас нэг удаа хоёр согтуу нөхөр манай гудамжинд ирээд бөөн “дайн” боллоо доо. Хоорондоо маргаж байна аа, хэн нь чадалтай, нэгнээсээ илүү давуу гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж үзэж тарав. Харин би тэднийг хараад чадалтай, хүчтэй гэдгээ батлах гэж зүтгэсний учрыг олох гээд хирдээ л бодолд автлаа.
Түрүүний хувин дүүрэн угаадас цацчихаад явж одсон Жаргал гэгч эзэгтэйн байшингийн цонхон дээр гоёмсог таримал цэцгүүд зөндөө бий. Хэдэн сарын өмнө чамин эрээн ваартай сайхан цэцэг авчирсан нь миний л мэдэхээр өдөр бүр услан тордож харагддагсан. Тээр өндөр цонхон дээрээс ихэмсэг нь аргагүй харагдах үзэсгэлэнт цэцэг. Нэг л өдөр өмнө минь савтай хогноос үхэдхийн унахыг хараад өөрийн эрхгүй шимширч билээ. Тэр цагаас хойш бусдын дэмжлэггүйгээр ургаж чаддаггүй таримал цэцэг ч биш, зуурхан хугацаанд гэрэлтээд үхдэг сарнай ч биш, булан тохой гэж гололгүй байгалийн хатуу ширүүнийг туулан ургаж чаддаг, өөрийнхөөрөө жаргалтай, хүчирхэг “Халгай”-н тавиландаа үргэлж баярлаж амьдардаг болсон юм даа би.
Э.Үржинханд