ОХУ-ын
\”Фонд перспективных исследований – ФПИ”/Дэвшилтэд судалгааны фонд/-ын үйл
ажиллагааны тухай танилцуулахаар шийдлээ. 2012 оны 10 дугаар сард ОХУ-ын
Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан уг байгууллага нь үндэсний батлан
хамгаалах болон улсын аюулгүй байдлыг хангахад зориулан өндөр эрсдэлтэй
туршилт, эрдэм шинжилгээний судалгаа явуулах, суурь шинжлэх ухааныг
цэрэг-техникийн, технологийн, нийгэм-эдийн засгийн хүрээнд гүнзгийрүүлэн
хөгжүүлэх зорилготой юм.
Тус
байгууллага нь АНУ-ын \”DARPA”/Батлан хамгаалах дэвшилтэд туршилт, судалгааны
төслийн агентлаг/-тай адил төстэй үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн энгийнхээр
хэлбэл \”ФПИ” нь оросын батлан хамгаалах салбарт зориулан хамгийн сүүлийн үеийн
зэвсэг, техник, материал, программ хангамж, технологи зохион бүтээж, туршилт
судалгаа явуулдаг байгууллага гэж ойлгож болно.
Дэвшилтэд
судалгааны фондын зорилгыг ингэж томъёолж байна. Үүнд:
–
Үндэсний батлах хамгаалах, улсын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюул заналыг
тодорхойлох, түүний шалтгаан болон аюулгүй болгох арга замыг олж илрүүлэх;
– Цэрэг
болон тусгай албадад зориулсан өндөр технологийн бүтээгдэхүүний туршилт,
судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, түүнийг үйлдвэрлэх, гүнзгийрүүлэн
хөгжүүлэх;
–
Шинжлэх ухааны болон техникийн цоо шинэ санаа, дэвшилтэд дизайн, техникийн
шийдэл, түүний холбоотой бүтээлүүдийн судалгаа хийх, хөгжүүлэх, турших, дэмжих
ажлыг зохион байгуулах;
–
Хэрэгжих боломжтой санаа, шийдэлд онолын болон туршилтын явуулах түүнийг төсөл
байдлаар хэрэгжүүлэх;
– Тусгай
төслүүдийг санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ багтдаг.
Дэвшилтэд
судалгааны фонд нь үндсэн гурван удирдах зөвлөлтэй. Хамгийн том нь фондын
удирдах зөвлөл/Правление/ юм. Уг зөвлөл нь 15 гишүүнтэй. Түүний 7 төлөөлөгчийг
ОХУ-ын Ерөнхийлөгч, 7 төлөөлөгчийг ОХУ-ын Засгийн газраас санал болгож
томилдог. Харин үлдсэн нэг төлөөлөгч нь тус фондын гүйцэтгэх захирал Андрей
Григорьев юм.
Өнөөдрийн
байдлаар удирдах зөвлөлийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Д.Рогозин удирдаж
байна. Удирдах зөвлөлийн гишүүдэд ОХУ-ын Батлах хамгаалах сайдын орлогч, Бүх
оросын агаарын материалын судалгааны институтын захирал, \”Росатом”-ын захирал,
\”Роскосмос”-ын захирал, \”Ростехнологи”-ийн захирал, \”Сколковын шинжлэх ухааны,
технологийн институт”-ын захирал, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд, ОХУ-ын
Аж үйлдвэр, худалдааны сайд, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд, ОХУ-ын Аюулгүйн
зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, ОХУ-ын Холбооны аюулгүй албаны шинжлэх
ухаан, техникийн газрын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, \”Роснано”
компанийн захирал зэрэг хүмүүс багтаж байна.
Шинжлэх
ухаан, техникийн зөвлөл нь удирдах зөвлөлөөс санал болгож томилсон 40 гишүүнээс
бүрддэг. Энэ зөвлөл нь шинжлэх ухааны болоод заах арга зүйн, мэдээлэл-дүн
шинжилгээний ажлуудыг хийхээс гадна тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн
явуулдаг мэргэжлийн баг гэж ойлгож болно. Уг зөвлөлийн даргаар тус фондын
захирлын орлогч Виталий Давыдов ажиллаж байна.
Удирдлагын
гурав дахь байгууллага бол аудитын хороо юм. Энэ нь тус байгууллагын төсөв,
санхүү болон эдийн засгийн үйл ажиллагааг хянаж, хариуцаж ажилладаг.
Өнөөдөр
тус фондын зүгээс 50 гаруй төсөл хэрэгжүүлж байгаа ба энэ хүрээнд ОХУ-ын 35
шинжлэх ухааны институтын лабораториуд ажиллаж байдаг гэнэ.
\”ФПИ”
өнөөдрийн байдлаар физик-техникийн, хими-биологи болон эмнэлгийн, мэдээллийн
гэсэн гурван үндсэн чиглэлээр туршилт, судалгаа явуулдаг. Мөн \”Солдат
будущего/Ирээдүйн цэрэг”, \”Оружие будущего/Ирээдүйн зэвсэг”, \”Кибероружие
будущего/Ирээдүйн кибер зэвсэг” гэсэн гурван мега төсөл хэрэгжүүлж байгаа.
Эдгээр төслүүд нь 20-30 жилийн дараа буюу ирээдүйд гарч болзошгүй зэвсэгт
тэмцэлд ашиглах зэвсгийн шинжлэх ухааны болон техникийн шийдлийг олох
зорилготой юм.
Эхний
үндсэн чиглэл болох физик-техникийн чиглэлд дижиталь үйлдвэрлэлийн/Цифровое
производство/, өндөр хурдны хэрэгсэл/Высокоскоростные средства/, усан дор
ажиллах төхөөрөмжийн технологи/Перспективные подводные технологии/, ухаалаг
зэвсэг/Интеллектуальное оружие/ гэсэн дэд чиглэлийн ажлуудыг багтааж явуулдаг.
Ирээдүйд
нисгэгчгүй нисэх хэрэгсэл, пуужин, робот, жижиг хиймэл дагуул гээд бүхий л
техник хэрэгсэл нь дижиталь технологи ашиглах гэнэ. Тийм учраас тус фонд нь энэ
чиглэлээр шинэ технологи гаргаж авах, мэдээлэл, холбоог хөгжүүлэх, дижиталь
материал үйлдвэрлэх чиглэлээр туршилт судалгаа явуулж байна.
Өндөр
хурдны хэрэгсэл гэдэгт агаар, хуурай зам, усан доор ажиллах техникийн
хөдөлгүүрийг боловсронгуй болгох, шинэ арга, технологи бүтээх ажлууд багтаж байна.
Тухайлбал шинэ тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээх, хэт өндөр хурдаар сумыг шидэх
технологи, кипер хурдтай нисэх онгоцны технологи, өндөр халуунд тэсвэртэй
материал гаргаж авах, тийрэлтэт хөдөлгүүрийн хөргөлтийн систем боловсруулах гэх
мэтчлэн ажлуудын туршилт судалгаа хийж байна.
Усан дор
ажиллах төхөөрөмжийн технологиудад усан дор цель илрүүлэх, хайх, тодорхойлох,
эрэгт байгаа байгууламжийн байрлалыг тодорхойлох шинэ арга технологи бүтээх,
усан дор ажиллаж буй хөдөлгүүрээс гарч буй дууг багасгах, шинэ төрлийн энергийн
эх үүсвэр бүтээх төслүүдийг хэрэгжүүлж байна.
Хоёрдугаар
үндсэн чиглэл нь хими, биологи болон эмнэлгийн чиглэлийн туршилт судалгаа юм.
Энд өндөр ашигтай, тэсвэртэй шинэ төрлийн материал гаргаж авах, эрчим хүч
гаргаж авах шинэ арга замыг хайх, өндөр ашигтай шинэ төрлийн эм, тариа гаргаж
авах, био-инженерчлэлийн/хүрэх, сонсох, амтлах, үнэрлэх, харах мэдрэгч бүхий
био систем бүтээх/ судалгааг хийх зэрэг дэд төслүүд багтаж байгаа.
Гуравдугаар
үндсэн чиглэл бол мэдээллийн технологийн судалгаа орно. Энд хамгийн орчин үеийн
мэдээлэл боловсруулах, дамжуулах систем зохион бүтээх, хиймэл оюун ухаан, кибер
орчин дахь аюулгүй байдал, нийгмийн интернет сүлжээ, мэдрэх, ирлүүлэх
технологи, мэдээллийг дамжуулах, нэвтрүүлэх чиглэлээр судалгааны ажлууд явагдаж
байгаа ажээ.
Р.Энхболд