ВАШИНГТОН. /Snowleopard/. \”Snow Leopard Trust” сангийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсанд устаж үгүй болж буй ирвэсийг хамгаалахад оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлж, \”Хэлэн Фриймэн 2015” шагналыг нэхэн олголоо. Энэ нь тус салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм.
Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл 27 настайдаа буюу 2015 онд хорвоог цаг бусаар орхисон билээ. Т.Лхагвасүмбэрэлийн үхэл түүний гэр бүл, найз нөхөд, бидэнд болон Монгол Улс, олон улсын ирвэс хамгаалах санд нөхөж баршгүй гарз болсон гэж \”Snow Leopard Trust” сан мэдэгджээ.
Т.Лхагвасүмбэрэлийн гэр бүлд тохиолдсон уй гашууг бид хуваалцаж, Монгол дахь хамтран зүтгэгчидтэйгээ хамт байж, энэ хүнд байдлыг даван туулах болно. Энэ хүнд үед тэднийг хүндэтгэж, бүх талаар дэмжинэ гэж тус сан мэдэгдэлдээ дурдав.
Түүний цаг бусын үхэл нь олон асуудлыг дагуулж байгаа билээ. Т.Лхагвасүмбэрэлийг гэмт хэргийн хохирогч болсон гэж сэжиглэж байгаа бөгөөд уг гэмт хэрэг Монголын Өмнөговь аймгийн Тост уулын ирвэсийг хамгаалдаг ажилтай нь холбоотой байж болзошгүй гэж Монголын хэвлэлд мэдээлсэн байна. Тиймээс бид эдгээр мэдээллийг анхааралдаа авч, түүний үхэлтэй холбоотой үнэн бодит хариултыг гэр бүл нь олж авахад чадах чинээгээрээ туслахад бэлэн байна.
Мөн бид Монголын Засгийн газар болон эрх баригчдыг гүнээ хүндэтгэж байгаа бөгөөд Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд ил тод, шударга мөрдөн шалгалт явуулж, Тост уулын ирвэсийг хамгаалах түүний мөрөөдлийг биелүүлэхэд туслахыг Монголын Засгийн газар болон эрх баригчдаас хүссэн гэж тус сан мэдэгдэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: \”Монцамэ” агентлаг