УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр өөрийн хүсэлтээр АТГ-д очиж байцаалт өгчээ. Тэрбээр Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон Монгол Банкинд ажиллаж байгаад ажил, амьдралаараа хохирсон Ш.Чулуунбаатар хэмээх залуугийн хэргээр ийнхүү АТГ-д очсон байна. Г.Уянга гишүүн Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын 3.7 тэрбум төгрөгийн асуудлыг шалгуулахаар өнгөрөгч 12 дугаар сарын 23-нд АТГ-т хүсэлт гаргасан. Харин АТГ-аас Н.Золжаргалыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тэрбээр Н.Золжаргалыг Монгол Банкны буюу ажлын газрынхаа дарга нарт тараасан гэх 3.7 тэрбум төгрөгний хэргийн баримтыг АТГ-д өгсөн ч ийнхүү АТГ авч хэлэлцсэнгүй. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал доод тушаалын ажилтан Ш.Чулуунбаатар хэмээх залууг мэдээлэл дамжуулсан гэх шалтгааны улмаас ажлаас нь халж, эрүүгийн цагдаагийн газраар шалгуулжээ. Товчхондоо түүнийг УИХ-ын гишүүн Г.Уянгад мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгасан аж.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга \”Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3.7 тэрбум төгрөгийг захирал зөвлөхүүддээ тараасан баримтыг АТГ шалгаад хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Н.Золжаргалыг АТГ хамгаалсан, харин Н.Золжаргал оронд нь миний огт танихгүй гэмгүй залууг бүтэн жилийн турш эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж тамлаж байгаа юм байна. Би өөрөө хүсэлт гарган байцаалт өглөө. Н.Золжаргал тэрбум тэрбумаар төсвийн хөрөнгийг тараахад АТГ хамгаалаад, харин байрны зээлтэй, ээжтэйгээ хоёулаа амьдардаг залуу амьдралаараа хохироод явж байна. 25 жил байгуулсан нийгмийн үнэн төрхийг харуулсан ганц л жишээ!\” гэсэн юм. Хэдийгээр АТГ-аас УИХ-ын Г.Уянгад Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргах эрхтэй гэдгийг илэрхийлсэн ч иргэд АТГ үл тоож буй энэ асуудал прокурорт очоод шийдэгдэх үү хэмээн тавлажээ. Ийнхүү \”Харвард\” боловсролтой Н.Золжаргалын 3.7 тэрбум төгрөгийн шагналын асуудал замхарч эхэллээ.
Төгс