Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой боллоо. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагагүй байна гэж хариулжээ.
Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг боловсруулж, хэлэлцүүлж эхэлжээ.
Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.
Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх аж. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, харин сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ.