Нийслэлийн Засаг даргын санаачилгаар \”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн, \”Хурд” хамтлагийн \”Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 05 сарын 28 буюу Бямба гарагт болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, орлогч дарга Ц.Анхбаяр, нийлэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, \”Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нар мэдээлэл өглөө.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 04 сарын 11-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 анги, байгууллагын дунд зохион байгуулав. Харин хоёрдугар шатны шалгаруулалт 05 сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэлээ. Уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлт болгов.
Цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг өөрсдийнх нь боломж, бололцоон дээр тулгуурлан хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулснаар сүүлийн 4 жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт эрс сайжирч, тэнд алба хааж байгаа ажилтан, алба хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлж байна. Анги, байгууллагууд дөрвөн жилийн хугацаанд нийт 2,8 тэрбум төгрөгийн тохижилтын ажлыг хийж эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлийг дээшлүүлжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар \”Хурд” хамтлаг маань бидний саналыг таатай хүлээн авч, дэмжиж байгаад баяртай байна. Хурдыхан маань бүгд цэргийн алба хаасан, тэдний дуулсан эх орон, цэргийн тухай дуунууд иргэдийн зүрх сэтгэлд аль хэдийнээ хоногшсон байдаг. Тийм ч учраас нийслэлийн иргэддээ нэг өдрийг цэрэг, эрх орноороо бахархан өнгөрөөх сайхан үйл явдалд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэлээ.
\”Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, \”Хурд” хамтлагийн \”Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлага, \”Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийг 05 сарын 28-нд Чингисийн талбайд зохион байгуулна.
Эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм.