” … Миний үеийнхэн жагсаж, эсэргүүцэж, тэмцэж чаддаг байсан юм шүү. Гэтэл одоогийн жагсаал ч дээ. Үзэл бодлоо худалдсан ямар гээчийн зүйл болоод хувирчихсан юм бэ.
Зөвлөлт холбоот улсад өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө манайд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахаас аргагүй хүрч байв. Гэхдээ бүх зүйл хаалттай, бүх зүйлс хориотой цаг үе байсан. Харин бид нууц байдлаар хэлэлцэн явсаар 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөний индрээс МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барихаар болж албан ёсны тэмцлээ эхлүүлж байлаа.
Одоогийн та бидний дур зоргоороо тэмцэж, жагсаал, цуглаан зохион байгуулах эрх чөлөөг олж авах гэж тэр шүү дээ.
1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Ардчилсан холбоо байгуулагдаж, ерөнхий зохицуулагчаар Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд залуучуудын Соёлын төвийн үүдэн зохион байгуулж байхад Эрдэнэтийн бидний хэдэн нөхөд аль долоо хоногийн өмнө анхны тайван жагсаалаа эхлүүлчихсэн явж байсан юм.
Харин ч бидний жагсаалыг Эрдэнэт хотын удирдлагууд дэмжиж байсан учраас хүчтэй, цог жавхаатай байлаа. Үзэл бодлоороо нэгдэнэ гэж үүнийг л хэлдэг юм. Бидний нэгдсэн жагсаалын үйл ажиллагааны бичлэгийг Э.Бат-Үүл, Д.Энхбаатар нар авч, Улаанбаатар хотыг зорьж байлаа.
Бид Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн тодорхой зорилготой шаардлагыг явуулсан. Энэ зорилго доо ч хүрсэн.
Удалгүй аймаг бүрт бидний дуу хоолой, тэмцлийн цуурай хүрч, эсэргүүцэж улам л газар авч байсныг санаж байгаа байх.
1990 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын Ялалтын талбайд олон мянган хүн оролцсон нүсэр жагсаал болж байсан. Энэ үед биднийг нэг үзэл бодол нэгтгэж байсан юм. Мөнгөөр үзэл бодлоо худалдаж, мөнгөөр жагсдаггүй юм. Одоо та бүгдээрээ бидний тэмцлийн үр дүнг харж байна.
Гэтэл одоогийн жагсаал ч гэж дээ. Үнэхээр гурилддаг болчихсон байна” гэж Ардчиллын партизануудын нэг ярьж байхыг сонсоод энд хуваалцахыг зорьлоо.
Тийм ээ. Тэд жагсаж, тэмцэж, эсэргүүцэж чаддаг байсан. Харин тэдний үргэлжлэл болох өнөөгийн Ардчилсан намын жагсах гэж гурилдаж байгааг партизанууд нь хараад халаглан суугаа. Мөнгөөр жагсагчид нийтийн эрх ашгийн төлөө бус явцуу эрх ашгийн төлөө л жагсах байх даа.