Нийслэлийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэхдээ өмнөх шигээ автомашинд зориулсан хандлагаа баримтлаад явах уу, хүмүүст зориулсан хот болгох бодлого бариад явахуу гэдэг асуудал бид нар дээр шийдвэрлүүлэх гол сэдэв болоод ирчихлээ.
Хүссэн хүсээгүй бид хотын дотор автомашинаар явахаас үхтлээ залхаж байна. Одоо тэгээд яах юм. Мэдээж автомашинаас болилоо гэхэд юугаар явах юм гэдэг асуудал хамгийн нэгдүгээр шийдэх асуудал болон гарч ирнэ. Хамгийн эхний шийдэл бол нийтийн тээвэр, одоогийн нийтийн тээврийн тухай биш шүү.
Хоёрдугаар асуудал, унадаг дугуй, явган алхалт. Энийг хэрэгжүүлэхэд дээд зэргийн таатай орчин байх хэрэгтэй болно. Таатай орчин гэдэг нь явганаар болон унадаг дугуйгаар зорчиход аюулгүй, саадгүй гэсэн үг. Товчхондоо бүтэн гудамж /Complete Street/эсвэл цогц гудамжны тухай асуудал хөндөгдөх юм.
Энэ талаар судлаач Алдарсайхан ийм байдлаар дүгнэсэн байна.
“Бүтэн гудамж гэж хэллэг хот төлөвлөлтөнд байдаг. Зөвхөн машин зорчиход зориулагдаагүй, явган хүн, дугуйтай хүний зорчих эрх тав тухыг хангасан замыг бүтэн гудамж гэнэ. Нийтийн тээврийг сайжруулж, замыг илүү бүтэн болгож байж л бид түгжрээг багасгана
1. Ихэвчлэн ажил эхлэх болон дуусах үеэр хөдөлгөөний ачаалал их байдаг. Мэдээж хотын төвд олон ажлын байр байдаг болохоор төвөөр түгжрээ ихтэй. Хороодын хүн амын мэдээллээс үзэхэд хотын төвөөс 30 минут алхах зайнд ойролцоогоор 190,000 хүн амьдардаг. Гэтэл Улаанбаатарчууд бид алхах замгүй шахуу. Хэрвээ явган хүний болон дугуйн зам сайн байсан бол эдгээр 30 минут алхах зайнд амьдарч байгаа олон зуун иргэд машин унаж түгжирч суухаа болино. Тэр хэмжээгээр автомашины ачаалал ч багасна.
2. Бүтэн гудамж эрүүл мэндэд ээлтэй, эдийн засгийн ашигтай, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулдаг. Явган хүн их явдаг гудамжинд худалдаа наймааны үйл ажиллагаа ихээр явагддаг.
3. Улаанбаатарын гудамжыг 3-4 энгийн өөрчлөлтөөр сайжруулж болно. Эхлээд зам тулгаж барьсан хашаануудыг нурааж явган хүний замыг өргөсгөж чөлөөлөх. Явган хүний замыг машины дуу чимээ, утааны бохирдлоос хамгаалах ногоон байгууламж барих. Явган хүний өргөсгөсөн зам хангалттай өргөн байвал дугуйн зам нэмж барих. Гарц, гэрлэн дохиогоо сайжруулж явган хүнд таатай орчин бий болгох.
4. Улаанбаатарын бүх гудамжыг бүтэн болгох бараг боломжгүй тул гол замуудаас эхлэх хэрэгтэй байх. Мөн хэдхэн үлдсэн ногоон байгууламж, нийтийн талбайгаа холбосон бүтэн гудамжнуудтай болвол нэгдсэн сүлжээтэй болж хэрэглээ ихэснэ. С.Энхтөр