Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг сонгуулийн төв байгууллага зарлалаа. 2016 оны сонгуульд АН-ынхан олноороо ялагдаж, өөр өөрийн бодлоо илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг:
\”Эх сайхан оронд минь нэгэн шинэ өглөө айлчлан ирлээ. Ард түмэн бидэнд \”гэрээ засаад төрөө зас\” гэдэг сануулга өгөв. Сонгуулийн тогтолцооны сул тал, бас тойрогт элдэв булхай, мөнгөний нөлөө их байсан ч том утгаараа ард түмний өгч байгаа үнэлгээг бид хүндэтгэж хүлээн зөвшөөрөх учиртай.
Ардчилсан нам Монгол оронд ардчиллыг анх авч ирсэн шигээ улс төрийн намын шинэчлэлийг бусад намаас түрүүлж хийх боломж гарлаа. Хэцүү ч гэсэн үүний төлөө тэмцэх болно. Бидний үр хүүхдийн ирээдүй үүнээс хамаарах учраас тэр.
Надад итгэж саналаа өгсөн Сүхбаатар, Багануур дүүргийн иргэддээ, намайг дэмжиж нойр хоолоо хугаслан зүтгэсэн намынхаа эрхэм журмын нөхөддөө, цахим ертөнцөд надад урам хайрласан найз нөхөддөө, надад чин сэтгэлийн дэмжлэг, урмын сайхан үгсээ байнга илгээж байсан Эрдэнэтчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! Сурталчилгааны цөөн хоногийн хугацаанд тойрогтоо 2000 гаруй хүнтэй нүүр тулан уулзаж 100 шахам айлаар оржээ.
Ардчилсан намын шинэчлэлийн төлөө, Төрийн тогтолцоог эрүүлжүүлэхийн төлөө, Төрийн албыг улс төрийн дарамтаас салгахын төлөө, хүндээ ээлтэй төрийн төлөө, амьдрал ядуу, зовж зүдэрсэн хүмүүст туслахын төлөө нөхөдтэйгээ хамтран зүтгэх болно. Зөв бүхний талд хоёргүй сэтгэлээр зогсоно. Эх орны минь ирээдүй гэрэлтэй байг!\” хэмээн бичжээ.