Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Хүндэт зочид гийчид ээ!
Наадамчин олны уухайн түрлэг дуурссан монгол наадмын энэхүү хоймороос эрхэм хүндэт та бүхэнд Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний баяр наадмын мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Монгол түмний түүхийн дөрвөн тэгш ой тохиосон их баяр наадам эхэлж байна.
Наадмын өмнө төрийн ээлжит сонгууль боллоо. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Харин асуудал, сорилт бүхэн хариулт шийдлээ хүлээн үлдэж байна. Монголчууд бид нэг эх оронтой, нэг хувь заяатай хүн бүр ажил амьдралдаа дор бүрнээ эзэн болж монгол гэсэн эрх ашгийг дээдэлж урагшаа тэмүүлж, ажиллацгаая. Монгол түмнийхээ цэнгэлийн манлай үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билэгшээл хүндэтгэлд сүслэж, монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморт үеийн үед залбирч явах болно. Энэ жилийн наадам улам их өргөн дэлгэр болж байна. Газрын хол усны уртаас олон зочид ирж байна. Энэ бөмбөрцгийн хоёр их тив, ази европын төр засгийн удирдлага, тэргүүн гийчид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж, ар араасаа уяан дээр бууж байна. Монголчуудаа наадмаа ч сайхан хийе, ажлаа ч сайн хийе, нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя, дэлхий биднийг харж байгаа. Өвөг дээдэс минь биднийг бас харж байгаа. Энэ өдрүүдэд монгол хүн байгаа манай гарагийн газар бүр наадам болж байгаа. Дэлхийд Монгол наадмыг сонирхож байна. Хүчтний мэх улам уран, хүлгийн давхил улам төгөлдөр, харваачдын цэц улам ончтой байг ээ.
Зон олон Монголчууд маань заяа тэгш сайхан наадаг ээ. Өндөр төрийн миний их цагаан сүлд улам ихээр цэнгэн баясаг ээ.
Монгол наадам ийнхүү ерөөл дүүрэн эхэлж байгааг даяар олноо тунхаглан зарлая аа. Хотол олноороо сайхан найдаарай
Хурай хурай хурай …