УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн гэрээг жил гаруйн хугацаанд шалгаж, шалгалтын дүгнэлтээ УИХ-д танилцуулав. Үүний дараа Оюутолгойн гэрээг цуцална, цуцлахгүй гэж хэсэг шуугилдаж байгаад л асуудал намжив. Ер нь юу болсон бэ. Энэ гэрээ бидэнд хэрэгтэй юу, хэрэггүй юу…
Асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой баймаар. Гэвч УИХ энэ асуудлаар нам гүм, таг чиг … Одоо яах вэ …
Үнэндээ Ажлын хэсэг олигтой зүйл хийгээгүй, тэр дүгнэлтэд авчихаар зүйл байгаагүй учраас л УИХ яах учраа олохгүй гацаанд орчихоод байгаа хэрэг л дээ.
Ядаж байхад 65-ын бүлэг олонхийн давуу талыг ашиглан Эцэг хуульдаа өөрчлөлт оруулахаар эрс шийдчихээд УИХ-ын гишүүдийг наадамлаж алга болохоос нь өмнө энэ асуудлыг шийдчих гээд улайрч байна. Ёстой юун Оюутолгойн гэрээ манатай л байгаа, ойлгомжтой. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Оюутолгойн гэрээний өөрчлөлт бидэнд илүү чухал санагдаад байна. Энэ асуудлыг цаг, минут алдахгүйгээр л шийдвэрлэчихмээр байгаа юм. Гэтэл хойшлуулсаар л, энэ хооронд Монголын баялаг гадагш зөөгдсөөр л байна …
Оюутолгойн гэрээтэй холбоотой ноотой, ноцтой асуудал их бий. АТГ, Аудит, Ажлын хэсгийн дүгнэлт гээд энэ гэрээг яаравчлан өөрчлөх, холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг сануулж байгаа хэдий ч УИХ, гишүүдэд тийм хүсэл алга байна. Харин Үндсэн хуулийг өөрчилж, өөрсдийн эрх мэдлийг л нэмэгдүүлэхийг тэд илүүтэй хүсч байгаа нь харагдаж байна.