Зоригт 20 гаруй настай залуу тул түүний гарын хурдыг зүйрлэн хэлэх үг надад олдохгүй байна… Бид хоёр тэр контейнерийг 07.30-09.30 цаг хүртэл хоёр цагт буулгасан юм.
Монгол, Солонгос хүн бүр л бид хоёрыг магтаад л… Дараагийн контейнер орж иртэл ус, кофе уух, тамхи татах гээд жаахан амардаг байлаа.
Зоригт над дээр ирээд, Эрка ахаа дахиад 3.600 ширхэгтэй контейнер байна, орох хүн олддоггүй яах уу? гэлээ.
Бид нар хоёр цагт буулгасан тул наадахыг чинь одоо тийм хугацаанд буулгахгүй бол болохгүй учраас цаадуулын чинь нэр, төрийн хэрэг болоод байгаа тул орохгүй биз дээ…
Би түрүүнийх шигээ хурдан буулгаж чадахгүй. Чи надад тусалж өгвөл хоёулаа хоёр цаг гаруй хугацаанд арай гэж л үдийн хоолны өмнө буулгаж, дуусах юм байна гэж хэлсэн.
Зоригт бид хоёр үдээс өмнө 3.600 ширхэгтэй хоёр контейнер буулгаж, дээд амжилт тогтоосон удаатай…
Намайг Канг дунг-1 хөргөгчинд ажиллаж байхад, нэг удаа ажил багатай өдөр бид амраад, би баганы өмнө хураасан модон тавцан дээр суугаад, хажуу тийшээ хараад юм ярьж байтал, Болор гэнэт Эрка ахаа гээд орилсон.
Би юу болов гээд толгойгоо эргүүлтэл миний нүдний өмнүүр өргөгч их хурдтайгаар сүн гээд өнгөрөхдөө миний баруун хөл дээгүүр дайраад гарсан. Тэр үед би сандраад босоод алхсан бол өнгөрөө…Тэнгэр рүүгээ л явах байсан!
Би баруун хөлнийхөө гутлыг тайлаад хартал хуруунууд дээгүүр цус хураад, цэлдэн хөх аймаар л юм харагдсан. Би хөлийнхөө хуруунуудыг аажуухан хөдөлгөж үзэхэд хугарсан юм мэдрэгдээгүй.
Тиймд миний санаа жаахан уужирсан. Хөргөгчийн буулгах хэсгийг хариуцсан Солонгос намайг машиндаа суулгаад, Канг дунг хөргөгчинд ойрхон Кан нам их сургуулийн эмнэлэг рүү авч явав.
Эмнэлэгт очоод хөлний зургийг авахуулаад, шохойдуулаад, бид хоёр ажил дээрээ буцаж ирсэн. Би урдаа төмөртэй, хамгаалалттай ажлын гуталтай байсан юм. Ердийн гуталтай байсан бол миний хөл \”Галууны сарвуу\” шиг хавтгай юм болох байсан болов уу…
Ажил тараад нөгөө Солонгос машинаараа намайг авч яваад, манай ажил олгогчтой уулзсан. Тэр Солонгос замдаа надад, мөнгөн дээр санаа зоволтгүй.
Бид чамайг хохироохгүй өгнө. Хөлөө сайн эдгээгээд ажилдаа ирээрэй гэсэн. Би гэртээ ирээд, шохойгоо авч хаяад, тэр оройгоо л давстай, өтгөн хар цай буцалгаад, гурван хоног хөлөө тасралтгүй шавшиж хавдрыг нь буулгасан.
Би гурав хоногийн дараа Канг дунг-1 хөргөгч рүү яриад: – Та нар яагаад надтай ирж уулзахгүй байгаа юм бэ?. Хэрвээ надтай уулзахгүй бол би Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвд хандлаа шүү гэсэн.
Хэсэг хугацааны дараа над руу яриад, маргааш өглөө би чамайг очиж аваад, удирдлагуудтайгаа уулзуулахаар боллоо гэв.
Маргааш өглөө нь би хөлөө боож очоод, Канг дунг-1 хөргөгчийн удирдах гурван Солонгос хүнтэй уулзсан. Тэд нар намайг хөлийнхөө боолтыг тайл! гэсэн.
Миний хөлийг хараад, маш хурдан хугацаанд эдгэрч байгаа тул надад өдрийн хөлсний 50%-иар бодож мөнгө олно гэлээ.
Би ганцаараа амьдардаг. Энэ гурван өдөр би хоолоо ч хийж идэж чадахгүй. Маш их өвчтэй тул шөнө нойр муутай хонодог байлаа. Үүнээсээ болоод стресст их орж байсан.
Иймд 50%-иар бодож мөнгө олгохыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би Солонгос улсад олон жил ажиллаж, амьдарсан учраас танай улсын хууль тогтоомжуудыг бас мэднэ.
Би өөрийн буруугаас болж гэмтээгүй. Мэргэжлийн бус хүн өргөгчийг жолоодон амраад сууж байсан хүний хөлийг дайрсан. Энэ нь цэвэр үйлдвэрийн буруу.
Тиймээс та нар миний ажилгүй байх үеийн 14 хоногийн мөнгийг 100% бодож өгөх ёстой гэсэн.
Тэд нар надад манай Солонгос хүмүүс өвдвөл 70%-иар бодож мөнгө олгодог тул чамд адилхан тэгж өгье гэв. Би танай хөргөгчинд олон жил ажиллаж, эндээс их мөнгө хураасан.
Та нар миний хэлснээр мөнгө өгөхгүй бол би Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвд хандана.
Тэгвэл та нар хууль бус хүн ажиллуулсан гээд 50 сая воноор торгуулна. Би түүний 10% болох 5.000.000 воныг авах болно. Өөрсдөө шийдээрэй! гэсэн.
Тэд нар надад манай үйлдвэр Бямба, Ням гаригуудад арбайтын хүн авдаггүй тул чамд 10 хоногийн мөнгө өгье гэлээ. Би өвчтэй байх хугацаанд Бямба, Ням гариг хамаагүй. Хэдэн хоног өвдсөн гэдгээр нь мөнгө олгодог шүү дээ гэсэн.
Тэд нар Ням гаригий хоёр хоногийг хасаад, 12 хоногоор бодож, 960.000 вон олгоно. Үүнээсээ манай ажил олгогчид 60.000 воныг өгөөд, энд ажиллаж байсан гэсэн бичиг авахаар бид тохиролцсон юм.
Би Гадаад ажилчдын эрх хамгаалах төвийнхөн ийм юман дээр Солонгос хүмүүсийнхээ амыг хараад, мөнгө авч, өгсөн болдгийг мэддэг учраас би тэд нарт зөвхөн нэрийг барьж, өөрийнхөө талд ашигтай шийдүүлж чадсан юм.
Тэгээд Канг дунг-1 намайг ажилд дуудахаа байсан. Би Юнг ин хотын Янг жид байдаг өөр хөргөгчинд ажиллаж байтал аргагүй эрхэнд, тэд нар намайг дахин дуудаж ажиллуулсан юм.
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат