Ш.Абэ Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.
Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013, 2015 онд тус тус Монголд айлчилж байжээ.
Пак Гын Хэ өргөн бүрэлдэхүүнтэй айлчилна
Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрээр БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим хүчний салбарын 109 компанийн төлөөллийн хамт Монголд айлчлах юм байна. Тэдний дунд Өмнөд Солонгосын хамгийн том 11 компанийн төлөөлөл багтах ба тэдний дотор Самсунг Электроникс, Хьюндэй Моторз, LG Electronics, Hanwha зэрэг группүүд багтжээ.
Мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх вэб портал компани Naver-ийн төлөөллүүд ч ирэх аж. Үүнээс гадна 62 жижиг, дунд компани, төрийн өмчийн 36 компанийн төлөөлөл багтаж байгаа юм байна. Айлчлалын үеэр Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн Тэнхим айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулахаар болжээ.