Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев бараалхав.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев \”Монголын тал АСЕМ-ийг маш өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдэгт итгэж байна. Монголчууд зочин ирэхэд бороо орвол сайн гэдэг. Өнөөдөр бороотой байгаа нь бас бэлгэшээлтэй зүйл боллоо” гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж \”ОХУ, Монгол Улс хоорондоо визгүй зорчдог болсноор зорчигч эргэлт, худалдааны харилцаа сайжирсан. Үүнд баярлалаа. Харилцан визгүй дэглэм олон сайн зүйлийг авчирна. Саяхан Монголд парламентын сонгууль болсон. Эрх баригч хүчин солигдсон ч Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт орохгүй. Шинэ УИХ, Засгийн газар гадаад бодлогоо залгамжлан үргэлжлүүлээд явна” гэлээ.
Уулзалтын үеэр талууд саяхан Ташкентад болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалт амжилттай болж, хөрш 3 орны эдийн засаг, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг тэмдэглэж байв.
Мөн Эгийн гол дээр УЦС барих асуудлыг хөндөн ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эгийн гол нь мөнх цэвдгээс эх авдаг. Усыг нь эргэлтэд оруулахгүй бол урсгал нь саарах эрсдэлтэй. УЦС барьснаар Эгийн голын усыг хуримтлуулж, эргэлтийг сайжруулах боломжтой. Байгаль нуур бол бидэнд аль альд нь хамаатай учраас Монголын тал Байгаль нуурт халтай зүйл хийхгүй” гэж байлаа.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Байгаль нуур Орос, Монголын аль альд нь хамаатай гэдгийг зөвшөөрөөд \”Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ” гэж байлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий сайд Д.Медведевийн айлчлалд амжилт хүсэн ерөөв.