Ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Тэрээр банкнаас олгосон чанаргүй зээлийн багцад голлон анхаарч ажиллаж байгаагаа онцлосон юм.
Хөгжлийн банкны үзүүлэлтийг их хэмжээний үнийн дүн бүхий зээл авсан цөөхөн хэдэн компани хойш татаж байна. Анх зээл авахдаа жилийн дөрвөн улирал харгалзахгүй, хоногийн 24 цаг зогсолтгүй барилгын ажлаа явуулах бүрэн боломжтой хэмээн мэдэгдэж байсан “Эрэл” ХХК-ны байшин үйлдвэрлэх биокомбинатын зээл удааширсан. Иймээс бид тус компанитай хамтарсан компани байгуулах эсэх талаар судалж байгаа. Гэхдээ хамтарсан компани байгуулагдвал барилгын үйлдвэрийг төр хувьдаа авахгүй.
Мөн нэг чанаргүй зээлдэгч болох “Мон лаа” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болжээ. Эвлэрлийн гэрээ байгуулах явц одоогоор шүүхийн шатанд үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар тус компани найман төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэнэ.
Мөн тэрээр Хөгжлийн банкны зээлийн журамд өөрчлөлт оруулсан болохыг мэдэгдлээ. Тус банкнаас төслийн нийт санхүүжилтийн 85 хувиас илүү хэмжээний зээлийг олгохгүй болсон талаар дуулгалаа.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг хамгийн ашигтай хувилбарт зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт илүүтэй зарцуулна хэмээсэн юм. Мөн тэрээр арилжааны банкуудтай хамтарч ажиллах бөгөөд өөрийн ажиллаж байсан “Хас” банкинд ямар нэгэн давуу тал олгохгүй гэдгээ ч мэдэгдлээ.