Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстан улсын Нур-Султан хотноо эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд олимпийн эрх олгох учир ихээхэн ширүүн өрсөлдөөн бий болох нь дамжиггүй. Мөн Монгол улсын шигшээ баг сонгомол бөхийн төрөлд анх удаа оролцож байгаагаараа ихээхэн онцлог болж байгаа юм.
Өнөөдөр сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Даваабанди, 67 кг-ын жинд мөн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Ханбүргэд нар барилдана.
Тэдний хувьд Монголын бөхчүүдээс сонгомол бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнд гарч буй анхны бөх болон нэрээ үлдээж байгаа юм.
Олимпийн жинд барилдсан бөхчүүдийн эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид “Токио 2020”-ийн эрхээ өвөртлөнө.